НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай холбооноос зохион байгуулсан 3D судалгаа нэлээд өргөн хүрээг хамарсан байх. Судалгааны дүн ер нь яаж гарсан бэ?
-15 жилийн хугацаанд манай холбоо залуучуудын дөрвөн үеийг төрүүлж гаргалаа. НАМЗХ-ноос 3D нэртэй өргөн хэмжээний судалгааны ажлыг явуулж, залуучуудын өмнө тулгамдаж буй 10 асуудлыг гаргаж ирсэн. Хэдийгээр МАН-ын дэргэдэх байгууллага боловч нийт хүн амын 70 орчим хувийг эзэлж байгаа залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг намын болон төрийн бодлогын түвшинд гаргаж тавих нь 3D судалгааны үндсэн зорилго байсан. Залуучуудын өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал нь орон сууц. Эндээс л асуудлууд босож ирдэг юм байна. Түр орон сууцны асуудлыг эхний ээлжинд шийдэх ёстой юм билээ.
Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн агентлагтай байх ёстой гэсэн саналыг залуучууд их тавьсан. Түр орон сууцаар хангах, агентлагтай болох санал, дүгнэлтээ Ерөнхий сайдад танилцуулсан. Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн. Монгол залуу хүн эрүүл байх ёстой. Эрүүл залуу хүн боловсрол эзэмших ёстой. Боловсролтой бол бүтээлч байх хэрэгтэй. Хариуцлага үүрдэг байх ёстой. Хариуцлага үүрч байгаа бол эх оронч байх гэсэн чиглэлээр бодлогоо зангидсан. Бас боломжийг олгох ёстой. 15 жилийнхээ ойн хүрээнд түүхэн баримтат кино, ном хийхээр бэлтгэж байна. Ойн баяр гэхээсээ илүү цаашдын бодлогоо тодорхойлно.
-Хотын гудамжинд танай холбооноос “Би бодохдоо...” гэсэн үгтэй самбар олноор байрлуулсан байхыг харлаа.
-“Би бодохдоо... “ нэртэй хөтөлбөр боловсруулж байгаа. Нэгэн бизнесмэн залуу амжилтаа ахиулахын тулд яах ёстой вэ. Тэр залуу “Би бодохдоо.., цагийг ягштал баримтлах нь амжилтын үндэс гэж үздэг” гэж санал бодлоо хэлж болох жишээтэй. Залуучууд юу бодож байгаагаа чөлөөтэй хэлдэг байхыг бид хүсэж байна. Бидэнд бодлоо уламжил. Тэндээс бид гарц олж харах ёстой. түүнийгээ төр, засгийн бодлогын түвшинд авч үзье. 15 жилийн ойдоо барьж буй бидний хамгийн том бэлэг энэ.
-Залуусын асуудал хариуцсан агентлаг заавал байх ёстой гэж үздэг хүн олон. Харин бодит ажил болгох тал дээр цаг алдаад байгаа санагддаг.
-Агентлаг байгуулах асуудлаар МАН-ын дарга болон Удирдах зөвлөлтэй харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан. 2012 оны сонгуульд оролцох МАН-ын мөрийн хөтөлбөрт залуучуудын түр орон сууц, агентлаг байгуулах, орон нутгийн залуусыг дэмжих талаар тусгуулахаар боллоо. Түүнийгээ баталгаажуулж авсан. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө НАМЗХ ажиллана.
-НАМЗХ гадаадад олон салбартай гэсэн үү?
-БНСУ, БНХАУ, ОХУ, Швед, АНУ, ИБУИНВУ-д салбар холбоотой. Цаашдаа ч өргөжүүлнэ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа залуучуудын дуу хоолой төр, засагт хүрч байх ёстой. Тэднийхээ эрх ашгийг бид хамгаалах үүрэгтэй.
-МАН-ын НАМЗХ бусад намын залуучуудын байгууллагаас юугаараа давуу вэ. МАН залуучуудаа сайн дэмждэг гэж ярьдаг. Дэд сайдуудын томилгоо байна. Тэднийг ямар шалгуураар гаргаж ирдэг юм бэ?
-МАН-ын залуучууддаа олгодог таван боломж байдаг. Түүний нэг нь улс төрийн шатаар урагш ахих. Шинээр томилогддог дэд сайдуудын дөрөв нь манай холбоогоор дамжсан. Эх орныхоо төлөө өөрийгөө илэрхийлж чаддаг, боловсролтой залуус манай НАМЗХ-г сонгодог юм болов уу гэж боддог. “Зүүн талдаа цохилдог зүрхтэй болгон манай холбоог сонгодог юм” гэж ах нар маань хэлдэг. Их гоё үг. Хүн болгон зүүн талдаа цохилдог зүрхтэй. Харин юуны төлөө цохилж байна вэ гэдэг чухал. Залуусыг сонгож гаргаж ирэхэд МАН дэмжлэг үзүүлдэг. Эв нэгдэлтэй байж чаддаг нь бидний давуу тал. Нэгийгээ бүдрэхэд нь түшээд авч чаддаг. Дээшээ гарахад нь дэмжиж чаддаг. Нэг нь сурсан юмаа нөгөөдөө маш сайн зааж өгдөг. НАМЗХ дээр өдөр бүр сургалт зохион байгуулдаг. Ингэхдээ гадаадаас сургагч урьдаг гүй. Өндөр боловсролтой залуучуудынхаа дотоод боломжийг ашигладаг. Залуучууд хамтдаа хөгжих ёстой.
-Сул тал байхыг бас үгүйсгэхгүй…
-Эв нэгдэлтэй, томоохон бизнес эрхлэгч залуус байдаг болохоор баячуудын хүүхдүүдийн нэгдэл мэтээр гадна талаасаа харагддаг сул тал байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр Монгол Улсыг хэн авч явж байгаа юм. Хувийн бизнес эрхлэгчид шүү дээ. Тэдний хүүхдүүд орж ирсэн нь бидний давуу тал гэж үздэг.
-Хэний ч мэддэггүй залуус МАН-аас гэнэт тодордог нь үнэн. Тухайлбал “та хэн бэ”?
-Миний үндсэн мэргэжил түүх судлаач. Дараа нь агаарын тээврийн холбооны гэсэн давхар мэргэжил эзэмшсэн. Монголд анхных байх. Энэ чиглэлээр 12 жил ажилласан. Бизнесийн салбар, олон улсын JICA байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр долоон жил ажилласан. Надад итгэсэн учраас энэ албанд сонгосон байх.
-Танай холбоо онлайн номын сан ажиллуулж байгаа гэл үү. Их сонирхолтой, өгөөжтэй санаачилга юм байна гэж бодсон.
-www.namzh.mn вэб хаягаар орж үзэхийг хүсье. Дэлхийн сонгодгуудын 4000 гаруй бүтээлийг англи хэлээр байршуулсан. Удахгүй монгол хэлээр орчуулна. Ном уншсанаар ядаж л үгээ зөв хэлж, бичиж сурна. Монгол сайхан эх хэлээ хайрлаж, бахархах сэтгэл төрнө. Хүнтэй харилцах соёлд суралцана. Юм бодно. Манай онлайн номын санд зочлоорой.
-Бахархмаар сайхан залуучууд байх юм. Харамсалтай нь тэд бүгд гадаадад гараад явчихсан. Энэ талаар төрийн бодлого гэж байх ёстой биз.
-Миний дотнын нэг ах байна. Америкийн “Rodman and Rehcev” банкны дэд ерөнхийлөгч Ж.Жамъянсүрэн. Надаас нэг л ах. Дэлхийд нэртэй томоохон компаниудыг худалдаж аваад зарна. Томоохон хөрөнгийн биржүүдэд ажиллаж байна. Энэ бүхнийг манай зарим залуу мэдэрдэггүй байхгүй юу. “Майкрософт”-д монгол залуус амжилттай ажиллаж байна. Энэ бүхнийг мэдрүүлэх ёстой. Үүн дээр сайн ажиллах хэрэгтэй. Тэд чинь монгол хүн учраас эх орондоо ирэхийг хүсдэг. Монголдоо урихад цааргалах зүйлгүй ирнэ. Ирж, буцах зардлыг нь даахад л болно. Зоосны нүхээр харахаа больчихдог юм билээ.
Го.ЭНХТӨР