-АН-ын даргын урилгыг Ерөнхий сайд “хүлээж авсангүй”-
АН-ын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн даваа гаригт хамтарсан мэдээлэл хийх урилга Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн ч товлосон цаг болоход ганцаараа байв. Иргэн бүрт нэг сая төгрөг болон хувьцаа олгохтой холбоотой УИХ-ын тогтоол, хууль, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн тухай энэ сарын 2,3,4- ний аль нэг өдрийг сонгоод хамтарсан мэдээлэл хийхийг тэрбээр уг нь санал болгожээ. Энэ тухай албан бичгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхээс гадна Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаар дамжуулан уламжилсан гэнэ. Ингээд өчигдрийг сонгосон аж. Гэтэл Н.Алтанхуягийн санал яагаад ч юм Ерөнхий сайд С.Батболдод хүрээгүй гэнэ. Юутай ч АН-ын дарга ганцаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр байгалийн баялгаас иргэдэд хувь хишиг хүртээхтэй холбогдуулан УИХ-аас ямар хууль, тогтоол, түүнийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар ямар шийдвэр гаргасныг он сартай нь эргэн нэг санууллаа.
2010.10.25. Хүний хөгжил сангийн төсвийн тухай хуулийг УИХ баталсан. Үүний дагуу 1.5 сая төгрөгөөс 500 мянгыг нь иргэдэд сар бүр хуваан бэлнээр олгохоор болсон. Үлдсэн сая төгрөгийг оюутны төлбөрт олгохоор болов. Засгийн газар энэ тухай тогтоолыг мөн оны арванхоёрдугаар сарын 29-нд гаргалаа.
2010.07.07. Тавантолгойн хувьцааны 10 хувийг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх тогтоолыг УИХ баталж, Засгийн газар журмаа боловсруулав.
2011.11.25. Нэг сая төгрөгийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эхний ээлжинд олгохоор шийдэв.
2011.11.30. Хүний хөгжил сангаас оюутны сургалтын төлбөрт шилжүүлэх мөнгийг зөвхөн өд рийн ангийнхан биш эчнээ, оройн ангийнханд ч олгохоор болов.
2011.12 сар. УИХ-аас 57 дугаар тогтоол гаргаж, иргэдэд нэг сая төгрөгтэй тэнцэх үнэ бүхий хувьцаа олгохоор боллоо. Үүнийг хоёрдугаар сарын 1-нээс олгохыг Засгийн газарт даалгасан. Мөнгө авна гэвэл хувьцаагаа Засгийн газартаа худалдах боломжтой.
Ийм шийдвэр, хууль гарчээ. Дөрөвдүгээр сар гарсан ч иргэд хувьцаа юм уу сая төгрөгөө аваагүй байна. “Засгийн газраас сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хуваан олгох шийдвэр гаргасан байна. Ингэж байгаад бүр худлаа болох юм биш байгаа гэж иргэд асууж байна. Уг нь хамтраад ажиллаж байсан учир энэ бүхнийг хийх байх гэж хүлээсэн. Гэвч одоо итгэл алдраад байна. Засгийн газар УИХ-ын гаргасан шийдвэрийг хэрэгж үүлж ажиллах ёстой байгууллага. Энэ үүргээ л гүйцэтгээч гэсэн юм. Хамтарч байхдаа хийж болж байсан атлаа одоо улс төрийн өнгө аястай шоу хийх боллоо. Ажлаа хэзээ хийхийг нь та бүхэн асууж өгөөрэй” гэлээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Засгийн газар хууль хэрэгжүүлээгүй юм бол хариуцлагын талаар ярих уу?
-Чуулган эхлэхээр бид энэ тухай ярина. Гэхдээ “Огцруулна” энэ тэр гэвэл сонгуулийн шоу болчих учир иймэрхүү юм ярихгүй.
-Сая төгрөгийг бөөнд нь олговол инфляц нэмэгдэж, үнийн хөөрөгдөл үүснэ гэж болгоомжилж буй юм биш үү?
-Үүнийг Ерөнхий сайдаас асуу. Бид хамтарч байхад махны үнэ одоогийнх шиг өссөн бил үү. АН ажил хийж байсан. Биднийг Засгийн газраас гарах үед шатахууны үнийг нэмсэн. Одоо үнийг нь буулгаад болж л байна шүү дээ. Ажил хийх хүн аргаа, хийхгүй хүн шалтгаа олно. Үүний дараа МАН-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Амар баясгалан сэтгүүлчдэд товч тайлбар өгөв. Тэрбээр “Бидэнд энэ тухай албан ёсоор мэдэгдээгүй, намын даргатай ч утсаар холбогдоогүй. Урьдчилан мэдэгдсэн бол бид холбогдох мэдээллээ бэлтгэх байсан. МАН сонгуулийг шударга явуулах уриалга гаргасан байгаа. Сонгууль дөхсөн үед хэвлэлийнхэнд иймэрхүү худал мэдээлэл тараах нь зохисгүй, ийм үйлдлээ зогсоохыг АН-ын Хэвлэлийн албанаас шаардаж байна” гэв.
С.ТУУЛ