2010 оны тавдугаар сард татан буугдсан сүмогийн “Кисэ” дэвжээ эргэн нээгдлээ. Ингэснээр комүсүби Гагамарү тэргүүтэй 20 бөх өөрийн дэвжээндээ эргэн иржээ. Одоогоос хоёр жилийн өмнө тус дэвжээний эзэн, экс маэгашира Хигоноүми якуза нартай холбоотой нь илэрсэн тул Сүмогийн холбоо дэвжээг нь хаах шийдвэр гаргасан юм. Үүний дараа “Кисэ”- гийн бөхчүүд “Китаноүми” дэвжээтэй нийлсэн билээ. Одоо энэ дэвжээнд Гагамарүгаас гадна саяхан жюүрёо зиндаанд дэвшсэн Сакүмаяма, өсөх ирээдүйтэй бөх гэгдэж буй Сасаяма нар харьяалагддаг юм.
Хаврын жюнгё сэргэлээ
Башё хоорондын үзүүлэх барилдаан буюу жюнгё Исэ Зингүд боллоо. 3000 үзэгчийн өмнө их аварга Хакүхо тэргүүтэй бөхчүүд барилдахад озэки Котоошюү түрүүлсэн байна. Тойргийн барилдаан дахин хэд хэдэн удаа болох бөгөөд 8-нд дуусах аж. Өнгөрсөн жил сүмог тойрсон найрааны хэргийн улмаас бүх жюнгё цуцлагдсан юм.
Сонгинохайрханы хишиг барилдаан
Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал Сонгино хайрханы хишиг улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сард уламжлагдан болон зохиогддог уг барилдаан ирэх ням гаригийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд санхүүгийн дэмжигчээр “Монос” групп ажиллаж байна. Энэ үеэр хагас саятан болон азтай үзэгчдийг шалгаруулдаг билээ. Өмнөх барилдаануудад ямар бөхчүүд үзүүр, түрүүнд хүрч байсныг сонирхуулья.
Он Түрүү Үзүүр
2008 у.а Д.Азжаргал у.г Н.Ганбаатар
2009 у.х Ц.Содномдорж у.х Т.Өсөх-Ирээдүй
2010 у.х Ц.Содномдорж у.г Н.Ганбаатар
2011 у.з Д.Баасандорж у.з М.Өсөхбаяр
Даян аварга нэрэмжит тэмцээнийхээ үеэр сюрприз барих уу?
Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбатын нэрэмжит чөлөөт бөхийн залуучуудын УАШТ энэ сарын 11-14-нд Спортын төв ордонд болно. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Монгол говь” ОУТ-ий гурван удаагийн аварга, УАШТ-д тавантаа түрүүлсэн тэрбээр өдгөө Чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Гацуурт Олимп” сургуулийн захирлын алба хашиж буй. 2010 оны насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн хөнгөн жингийн бөхчүүдийг суудлын автомашинаар байлсан аварга маань энэ удаагийн тэмцээнд иймэрхүү сюрприз байхгүй хэмээн саяхны ярилцлагадаа өгүүлжээ.
Чөлөөт бөхөөр олимпийн аварга бэлтгэх зорилготой түүний шавь нар 2016 эсвэл 2020 оны олимпод “юм” дуулгах магадлалтай гэнэ. Дөрөвдүгээр сарын 9-10-нд тэмцээний багийн мэдүүлэг хүлээн авч, мандат олгон, техникийн зөвлөгөөн хийх аж. Үүний маргааш хуваарь ёсоор бөхчүүд жин жиндээ барилдаж, 17.00 цагаас нээлтийн ажиллагаа эхэлнэ. Уг тэмцээнд 1992 оноос хойш төрсөн залуучууд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр найман жинд хүч сорих юм.
Хар тивийн “цагаан өмсгөлтнүүд”-ийн өрсөлдөөн
“Лондон-2012” олимпийн наадмын олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн нь тивүүдийн АШТ билээ. Өнөөдөр Мароккогийн Агадир хотноо Африк тивийн АШТ эхэлж байна. Жүдо бөхийн хөгжлөөр хамгийн сул тив болох Африкийн АШТ энэ удаа урьд өмнө байгаагүйгээр олны анхаарлын төвд байгаа нь тодорхой. Манай улсын хувьд ч тус тэмцээний зүг чих тавин анхаарч буй юм. Олимпийн эрхийн бүст улаан шугамын урдхан талд бичигдэж буй 90 кг-ын тамирчин Э.Энхбатын гурван өрсөлдөгч Африкийн АШТ-д өрсөлдөж байна.
Камеруны Д.Долассем, Алжирийн А.Бенихлеф, Египетийн Х.Месбах нар манай бөхийг оноогоор гүйцэх магадлалтай байгаа бөгөөд алжир, египет жүдочид нэг группт орсноор тэмцээн эхлэхээс өмнө Э.Энхбатын нэг өрсөлдөгч нь тэмцлээс хасагдаж байна. Хар тивийн АШТ-ий 90 кг-ын барилдаан маргааш болох юм.