Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар ярих байв. Гэвч гишүүд шийдэлд хүрч чадсангүй. Хоёр сонгуулийг хамт хийнэ, үгүй гэдгээр тохиролцоонд хүрч чадаагүй учир одоогийн хуулиа мөрдье хэмээн АН-ынхан санал гаргаад “Гэхдээ Сонгуулийн хуульд нийцүүлж холбогдох зөрчлийг шийдье” гэлээ. МАН-ынхан “Намар орон нутгийн сонгууль хийнэ, гэхдээ зөрчлөө шийднэ” хэмээн зөрөв. Энэ асуудлаар байгуулсан Ажлын хэсгээс оруулсан саналыг олонх цөөнхийн зарчмаар шийдэж, процесстой холбоотой асуудлаа нэг тийш болгохоор танхимд уг нь тэд цугласан юм. Гэвч иймэрхүү явган маргаан өрнөхөд Д.Лүндээжанцан “Чулууг өргөх үү, болих уу гэж тээнэгэлзсээр цаг алдаад байна. Ажлын хэсгийн гишүүдийн олонх нь эзгүй байгаа, тэднийг ирэхээр даваа гаригт ярья” гэлээ. Э.Бат-Үүл түүнд “Лүндээ чи мэдсээр байж битгий мэдэн будлиад бай” хэмээн сануулахад нь тэрбээр “Одоо завсарлая аа, даргаа” гэх нь тэр.