УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өнгөрсөн сарын 22-нд АТГ-т Ерөнхий сайд С.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг шалгуулахаар хэд хэдэн үндэслэл бүхий өргөдөл өгсөн. Түүний гомдлоор үүсгэсэн эрүүгийн хэргийг өнгөрсөн баасан гаригт хэрэгсэхгүй болгожээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ УИХ-ын гишүүн Х.Баттулгад хүргүүлсэн мэдэгдэлдээ “Тус газарт таны өгсөн мэдээллийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж, мэдээлэлд дурдсан асуудлыг хянан үзэв. УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Таван толгойн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан байхад 2008 оны гуравдугаар сарын 21-нд тухайн үеийн Засгийн газар нь “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ”-г “Энержи ресурс”-тай байгуулж, Ухаа худагийн орд газрыг тус компанид ашиглуулах тусгай зөвшөөрөл олгосон нь тогтоогдлоо.
Шалгалтын хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслэн 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч энэ сарын 6-нд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж буйг мэдэгдэв. Мэдээлэлд дурдсан бусад асуудлын талаар зохих шалгалтыг бүрэн хийж чадаагүй тул хэрхсэн тухай хариу өгөх боломжгүйг мэдэгдэе” гэжээ.