Засгийн газар Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг орон даяар эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд “Цусны даралт ихсэлт”, “Чихрийн шижин хэв шинж-2”-ийг 40-өөс дээш насныханд, харин хөх болон умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх үзлэгийг 30-60 насны эмэгтэйчүүдийн дунд үнэ төлбөргүй хийх юм.
Ерөнхий сайд С.Батболд 40-өөс дээш настай Монгол Улсын иргэний хувьд өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны өрхийн эмнэлэгт зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эрт илрүүлэх үзлэгт хамрагдаж, эрүүл мэнд, сайн сайхан амьдралынхаа төлөө өөртөө цаг гаргахыг иргэддээ уриалжээ. Уг өрхийн эмнэлэгт “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аянд хамрагдаж, хүүхдээ үзүүлэхээр ирсэн эхчүүд олон байлаа .
Тэнд өдөрт 20 гаруй хүүхэд үзлэгт хамрагдаж буй бөгөөд амны хөндий, харшлын шинжтэй эмгэг нийтлэг байгааг өрхийн эмч Ерөнхий сайдад танилцуулж байв. Тус өрхийн эмнэлэг нь 41 мянган хүүхдэд үзлэг хийх юм байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80 гаруй хувийг үзлэгт хамруулжээ.