“Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” сэдэвт Азийн бүсийн бага хурлын дүнгийн талаар НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Ерөнхий сайдын ахлах зөвлөх, Жендерийн үндэсний хорооны дэд дарга Б.Долгор, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Энхсайхан нар өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Уг хуралд 11 орны 80 гаруй төлөөлөгч оролцсон байна. Тэд тус тусын оронд хэрэгжүүлэх зорилтот төлөвлөгөө гаргажээ.
Манай улс УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэх зорилт дэвшүүлсэн байна. Сонгуулийн тухай хуульд бүсгүйчүүдэд 20 хувийн квот олгосныг бодит ажил болгоход анхаарна гэжээ. Мянганы хөгжлийн зорилтуудад Монгол Улс 2015 он гэхэд Парламентын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд болгох үүрэг авсан. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэхэд ганцхан 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүн хэрэгтэй байгааг НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Сезин Синаноглу сануулав.
С.УУЛ