Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарснаас хойш мордохын хазгай гэгч л болж байна. Ханилж яваад нөхрөө
гээсэн, хамтран амьдарсан орон байрныхаа хаалгыг саван гарсан тэр өдрөөс АН-ын улс төрийн зурхай буруу зурагдаж эхэлснийг тэд анзаараагүй билээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараах цаг хугацаа бол Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хэн бүхэнд Монголын төлөөх их зорилгын төлөө хувийн, хэсэг бүлгийн, нам хүчний явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийтээрээ эвлэлдэн нэгдэх зайлшгүй шаардлага тулгарсан, нөхцөл боломж нь цавхийтэл таарсан үе байлаа. Тиймээс ч хамтарсан Засгийн газар байгуулах хоёр намын сонголтыг монголчууд талархан хүлээж авсан юм.
Сонгуульд ялалт байгуулсан МАН үүнийгээ хожигдол гэж тооцоогүйтэй адил АН хожил ирж байгааг ч тодорхойлж чадаагүй байсаар урван зугтаж одсон. Тэр ч бүү хэл амныхаа хишгийг алчуураар нэгмөсөн арчаад хаячихсан нь улам бүр тодорхой болсоор байна. Өрнийн зурхайгаар дөрвөн зуун жилд ганц удаа тохиодог “хар баасан гариг” буюу энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Хамтарсан Засгийн газраас гарсан тэд буруу нүүдэл хийсний улмаас хожлоо хожигдол болгож орхисноо мэдэрч, алд дэлмийн алдаандаа дүгнэлт хийх байх гэтэл харин ч урвуу коэффициентээ улам бүр өсгөсөөр байх нь гайхалтай. Гурав, дөрөвдүгээр сард хийсэн олон төрлийн судалгаа АН-ын рейтинг тасралтгүй уруудах мөчлөгөөр жирийсээр байгааг нотлов.
Өрсөлдөгч МАН-тай өгөө аваатай байсан чансаа нь сулран суларсаар, хамгийн сүүлийн судалгаагаар гурван пунктээр доогуур гарлаа. Буруудлаа, уруудлаа гэдгээ анзаарч зогтусан, болохгүй бүтэхгүй байгаа үйлдэлдээ дүгнэлт хийх байх гэтэл харин ч мухар нүх рүүгээ мурилзан зүтгэсээр байх нь гайхалтай. Хамтарсан засгаас гарах шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороо нь албан ёсоор ёсчлоогүй байхад АН-ын гишүүн дэд сайдын шийдвэрээр шатахууны үнийг нэг л орой 300 төгрөгөөр нэмж, улс орноо бужигнуулж эхэлснээс энэ урвуу коэффициентийн эх хатгагдсан. “Намайг байгаа дээр үнээ нэмээд ав” гэсэн Б.Ариунсангийн даажигналын ард АН-ын үхэхдээ үхэр буу дуугаргасан хорсол байсныг олон түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэрсэн. Энэ нь тэдний урвуу үйлдлийн сүүлчийн сум байх болов уу гэтэл үгүй байж. Удаа дараа өөр рүүгээ буудсаар зургаадугаар сард сонгууль эхлэх үед бүр авах юмгүй болох бололтой.
Хаяад явсан сайд, дэд сайдын суудлыг нь нөхөж, МАН дангаар засгаа бүрдүүлэх гэтэл УИХ-ын чуулганаас завсарлага авч, айлын тогоотой хоолноос аягалах гэж нэг үзсэн. “Чоно борооноор” гэгчээр АН, МАН дансаа дугуйлах цаг үеэр өрнөсөн жагсаал цуглаан, тогтворгүй байдлыг намжаах зорилгоор Засгийн газраас санаачилга гаргаж, Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнд тохирсон цалин, тэтгэврийг хоёрдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэрийг бойкотлох гэж хоёр дахь урвуу үйлдлээ хийсэн. Уг нь МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн зорилт буй, зам дээр сэгсэрч хаяад явсан ачааг нь дангаар үүрнэ, хамтран баталсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ хэмээн МАН амлачихаад байхад ач санах сэтгэлээр биш, бач үзүүлэх муйхарлалаар хандаад байгаад нь олон нийт дургүйцсэн нь тодорхой. УИХ, Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах уу, тусад нь хийх үү гэсэн асуудлаар өрдсөн гал нь одоо хэр утаа май суунаглуулсаар байна. “Долоодугаар сарын 1-ний” хэмээх Монголын түүхэнд хар толбо болсон хэргээр сонгуулийн өмнөх улс төр хийх гэсэн тэдний бодлогогүй алхам галаар тоглож, гэрээ шатаасантай адил үр дүн авчирч магадгүй болов.
Энэ хэрэг үүссэн учир шалтгаан, тухайн цаг үеийн ээдрээт нөхцөл байдал, улс төрийн хүчин, улстөрчдийн оролцоо, өдөөн хатгалт, төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дагавар гээд олон хүчин зүйлийг уялдаа холбоотой авч үзэж, гарз хохирол учруулсан гамшиг, иргэдийн эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлийг үнэлэн дүгнэх, буруутныг яг таг тогтоох явдалд улс төрийн хандлага, улстөрчдийн оролцоо байж хэрхэвч болохгүй гэдэг нь хэнд ч тодорхой билээ. Монголын бүх иргэдийн нүдэн дээр ил өрнөсөн энэ хэрэгт хэн, яаж оролцов, ямар аймшигт ул мөр дагуулав гэдгийг бүгдээрээ мэдэрсэн, дор бүрнээ өөрийн дүгнэлтийг хийсэн шүү дээ. Гал ус оволзож, галзуурал хийрхэл хэрээс хэтрэн, ухаан сэхээгээ гээсэн үймээн самууны өөдөөс гар нүцгэн орсон цагдааг, цагдаагийн хэдэн дарга нарыг гол буруутан мөн, буруутай нь тогтоогдсон хэмээн шүүх хурал болохоос өмнө Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий прокуророос эхлээд АН-ын удирдлагууд эгнэж сууж байгаад зарлаад байгаа нь шударга ёс мөн үү. Гэм бурууг зөвхөн шүүх тогтооно гэсэн хуультай атал өөрсдийгөө шүүхийн дээр байдаг шүхэр мэтээр эндүүрч, эрээгүй авирлах нь урвуу, буруу үйлдэл биш гэж үү? Зам тээвэр, барилгын салбарыг удирдаж байсан сайд нь хийж чадаагүй ажлынхаа буруутнаар тохой залган сууж байсан нөхдөө нэрлэж, бүр өөрөө эгнээнд нь багтаж байсан Засгийн газрыг шүүх, энэ тэрд өгөн дэмийрч эхлэхэд олны нүд орой дээрээ гарах шахав.
Засгийн газар хэрвээ буруутай бол Засгийн газрын гишүүн байсан өөрөө ч бас буруутны нэг, Засгийн газар хамтын удирдлагын зарчимтай, хариуцлагыг танхимаараа үүрдэг гэдгийг мэддэг баймаар юм аа. Өөрийнх нь компаниас өргөөшөө ч, уртаашаа ч хамаагүй илүү гарсан өөр нэг компанид хорссон хорсол нь дэндэж, дэндсэн нь хэтэрч, эцэст нь өөрийнхөө бурууг илчлэн барьж өгөхөд хүрсэн буруу алхам, урвуу үйлдэл болчихлоо гэж намынх нь учир мэдэх хэсэг харамсаж байгаа дуулдсан. Түүгээр ч барахгүй намын дарга Н.Алтанхуяг нь хүртэл буруу жороолоод эхлэхээр АН-ын нэр хүнд ширээн дээрээс ширдэг дээр залрахаас өөр яахсан билээ. Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж, Ерөнхий сайдын баруун гар нь болж, хамтын шийдвэр гаргаж байсан нь гурван сарын өмнө биш, гурван жилийн тэртээд юм шиг мэдэн будилсан нь, иргэддээ 1.5 сая төгрөг өгөх амлалт АН, МАН-ын аль альных биш юм шиг эндүүрсэн нь, Засгийн газар амлалтаа биелүүлээд эхэлчихсэн, шат дараатай хийх алхмаа нэгэнт төлөвлөчихсөн байхад нойрноос сэрсэн мэт нохойтсон нь өрөвдөх биш, харамсан халаглах сэтгэгдэл л үлдээв. Ханилж нөхөрлөж яваагүй юм шиг зөрүү сөрөг бодол өвөрлөсөн түүний хажууд очиж суугаагүйгээрээ, хэний ч мэдээж асуудлаар хэлцэн маргаж, даган намирч доошоо ороогүйгээрээ С.Батболд ихээ том харагдаж байхад, ширээний ард ганцаараа, шийдэл сэдэл нь дангаараа Алтанхуяг хариугүй жол харагдсаныг тэр эрхбиш мэдэрсэн байгаасай.
Ерөөс Засгаас гарснаасаа хойш нөхрийн үнэ цэнэ комиссын дэлгүүрийн барааныхаас доошоо орчихоод байгааг намынхан нь “Ийм даргатай сонгуульд ороод бид баларна” хэмээн шивэр авир хийж эхэлснээр, нэр дэвшиж УИХ-д сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн АНын хороо нь хурлаасаа хөөж гаргасан гэх сураг ажгаас нэгэнт тодорхой байгаа билээ. АН-ынхныг алдаанаасаа сургамж авах хэмжээнд төлөвшсөн болов уу гэсэн олны итгэл талаар болсныг энэ мэтийн үйлдэл нь удаа дараа нотолсоор байгаа. 2008 оны сонгуулийн өмнө яг өнөөдрийнх шиг “Бид ялна” гэсэн хоосон бардамналаар цээж түрж, нөхцөл байдлыг зөв үнэлэх хяналтаа алдсанаас болж ямар үр дүн гарсан, юунд хүрснийг эргэцүүлж нэг санаасай билээ. АН-д даргаасаа эхлээд бүлгээрээ, фракцаараа, МоАХгоор дамжин өртөөлж, хотын дарга болохын тулд УИХ-д нэр дэвшихгүйгээ мэдэгдээд, хот суурины газрын асуудал хөндөн ярьдаг болчихоод байгаа Бат-Үүлийг хүртэл үргэлжилж байгаа энэ олон харилцан урвуу үйлдэл юунд хүргэдэг бол. Н.Алтанхуяг уг нь физикч хүн. Харилцан урвуу хамаарал хааш нь хөтөлдгийг мэдэх ёстойсон. Нөгөө талаар АН-д урвуу хамаарлууд нөхцөлдөөд эхэлбэл МАН-д эерэг хамаарал бүрэлддэг хууль аль хэдийнэ батлагдчихсан билээ.