Саудын Арабын ҮОХ-ны ерөнхийлөгч, Наваф бин Файсал “Лондон-2012” олимпод эмэгтэй тамирчдыг оролцуулахаас татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Уг нь зуны XXX наадамд араб бүсгүйчүүдийг хүч сорино гэдэгт итгэлтэй байсан ОУОХ-ны найдлагыг дээрх мэдэгдэл үгүй хийв. Women’s Sport and Fitness Foundation-ы гүйцэтгэх захирал Сью Тиббалс энэ бол олимпийн хөдөлгөөний үзэл санааг зөрчсөн явдал хэмээн үзэж буй юм. “Бид Саудын Арабын эрхтэн дархтнуудыг энэ шийдвэрээ эргэн харна гэдэгт итгэлтэй байна. Хэрэв ингэхээс татгалзвал хүний эрх хийгээд олимпийн хартийг үл хүндэтгэсний илрэл болно” хэмээн тэрбээр ВВС-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Лондоны олимпод оролцох магадлалтай хэд хэдэн эмэгтэйчүүдийн нэрийг Саудын Арабын зүгээс гаргасан юм. “Сингапур-2010” залуучуудын олимпод тус улсын морин спортын тамирчин Далме Рушди Малхас хүрэл медалиар энгэрээ мялаасан түүхтэй. 2012 оны олимпод оролцох боломжтой тамирчдын нэг нь тэр байлаа. Тус улсаас гадна Катар, Бруней зэрэг улс эмэгтэйчүүдийг олимпоос гадуур үлдээсээр иржээ.
Аваргуудын амжилтыг марканд мөнхөлнө
Зуны ХХХ олимпоос алтан медаль хүртэх британи тамирчдын гавьяаг мөнхлөх зорилгоор тусгай марк гаргахаар бэлтгэж буй тухай Их Британийн хатан хааны шуудангийн албанаас мэдэгджээ. Уг марканд олимпийн аваргын нэр, зураг, амжилт гаргасан төрөл сэлтээс гадна “Лондон-2012”-ын логог оруулах юм. “Энэ нь олимпийн үнэ цэнтэй дурсгал бөгөөд эх загварыг нь бэлтгэчихсэн байгаа” гэж төлөөлөгчид өгүүлжээ. “Бээжин-2008”-аас 19 алтан медаль хүртсэн амжилтаа тус улсын тамирчид ирэх олимпод ахиулах төлөвлөгөөтэй гэнэ.
Б.ӨЛЗИЙ