Ер гаруй жилийн түүхтэй Үндэсний номын сан 1961 онд эрдэм шинжилгээний уншлагын танхимтай болжээ. Танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит болгон шинэчлэн засаж, өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү танхим нь дотоод, га даадын эрдэмтэн мэргэд, их, дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчлэх юм. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулж, тав тухтай нөхцөлийг бүрдүүлсэн танхимд Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүх судлаачдын бүтээл, толь бичиг, Монголын түүхтэй холбоотой 1000 гаруй ном бэлэглэжээ.
Төрийн шагналт, гавьяат багш Ш.Чоймаа “Хүн төрөлхтний хөгжлийн үндэс нь ном, бичиг, соёл юм. Монгол үндэстэн, бидний өвөг дээдэс эрт дээр үеэс эрдэм мэдлэгийн ач тусыг ард олондоо түгээхийн тулд бүх л цаг үед зүтгэж тэмүүлж явсан. Бид ч тэр үүргийг хойч үеийнхээ өмнө хүлээх ёстой. Энэ буянтай ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Төрийн тэргүүн маань идэвх санаачилгатай оролцож байгаад баяртай байна” хэмээв. Энэ үеэр “Хаадын сан” ТББ-ынхан Модун хаанаас эхлээд VIII Богд Жавзандамба хүртэлх Монголын бүх хааны тухай баримтат уран сайхны аргаар бичсэн 17 боть номоо хандивлалаа.
Цаашид энэ танхимыг видео, аудио төхөөрөмжөөр бүрэн тохижуулж, танхимын сан хөмрөгийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний номоор баяжуулах юм байна. Ирэх долоо хоногоос уншлагын танхим эрдэмтэн, судлаачдад үйлчилж эхэлнэ.
Т.САЙНБУЯН