Монгол Улсын иргэн бүрт байгалийн баялгаас нэг сая төгрөг, мөн хувьцаа эзэмшүүлэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Энэ асуудлаар гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдэд бодит мэдээлэл өгөх урилгыг АН-ын дарга Н.Алтанхуяг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод өчигдөр дахин хүргүүлжээ.
Өмнө нь тэрбээр цаг заваа харж байгаад энэ сарын 2, 3, 4-ний аль нэг өдрийг сонгон хамт мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Гэвч Хэвлэл, мэдээллийн албанд нь хүргүүлсэн урилга Ерөнхий сайдад очоогүй юу ямар ч байсан товлосон өдөр нь Ерөнхий сайд ирээгүй, АН-ын дарга сэтгүүлчидтэй ганцаар уулзахад хүрсэн юм. Энэ удаа тэрбээр МАН-ын даргыг завтай өдрөө өөрөө сонгохыг хүссэн байна.
Сая төгрөг, хувьцаа олгохтой холбоотой зөрүүтэй мэдээлэл иргэдэд хүрч буй учир бодит ажлын талаар мэдээлэхийг хүссэн аж.
С.УУЛ