Би уг нь “Ливерпуль”-ийн фэн биш. Энэ багийн хожил, хожигдол надад тийм ч хамаатай бус. Гэхдээ агуу баялаг түүхтэй баг ингэж доройтохыг харах хэцүү юм. Бямба гаригт талбайдаа “Астон Вилла”-тай тэнцчихээд яасан их баярлаж байна аа. Үнэндээ баярлахаас ч аргагүй юм даа. Учир нь “улаанууд” лигтээ үүнээс өмнөх долоон тоглолтын зургаад нь ялагдаад байсан юм чинь. Гурав дараалан бүдэрснийхээ дараа “Эвертон”-ыг 3:0-ээр хожиход “Манай тоглолт одоо л сэргэлээ. Удахгүй алаад өгөх нь” гэж “Ливерпуль”-ийн фанатууд хөөрсөн боловч бахь байдгаараа. “Вилла”-тай тоглохын өмнө нэг сонирхолтой статистик гараад өнгөрлөө.
Тэд энэ улиралд лигийг тэргүүлэгч “МЮ”-аас 30-аар олон цохилт гүйцэтгэжээ. Гэтэл эцсийн дүндээ оруулсан гоолынх нь тоо 40- өөр цөөн аж. Эндээс тус багийн тоглолтын чанар харагдах байх. Уг нь улирал эхлэхийн өмнө “Ливерпуль”-ийг гайгүй үзнэ гэж олонх таамаглаж байв. Би ч гэсэн тэдний нэг. Гэвч байдал бүр дордлоо. Ер нь энэ багт болж, бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга. Довтолгоонд Суарес овоо гүйгээд байгаа боловч шон, хөндлөвч онохоос хэтэрсэнгүй. 35 саяар авсан Э.Кэррол нь бүр мартагдаж дууслаа. Беллами нэг үе овоо байсан ч яваандаа суучихсан. Гэхдээ довтлогч нарыг өмөөрөх нэг зүйл байна. Ямар ч мундаг довтлогч байлаа гэсэн сайн дамжуулалтаар хангахгүй бол гоол оруулж чадахгүй. Яг үүн шиг “Ливерпуль”-ийн “полууд” тун хангалтгүй тоглож байгаа болохоор гоолын аюултай момент бараг үүсэхгүй байна. Жеррард ийм үед багаа чирч, нөхдийгөө уриалан дуудах ёстой. Гэвч манай хүн удаа дараагийн гэмтлээс болж формдоо орж чадахгүй байгааг бид мэднэ. Ч.Адамд их итгэл найдвар хүлээлгэсэн ч “Ливерпуль”-д идээшиж чадсангүй.
Мөн Хендерсон “улаанууд”- ыг сэргээхэд арай л балчирдаад байх шиг. Түүнчлэн арын албаныхны найдваргүй байдал тэдний амжилтыг доош дарсаар ирлээ. Тоглолт эхлээд л нэг их удалгүй гоол алдчих юм. Түүнийг нь нөхөх гэж довтолж байгаад хаалгаа дахин нэг мялаалгуулаад дуусна. Иймэрхүү дүр зурагтай тоглолтыг бид хэдэн ч удаа үзэв дээ. Уг нь энэ баг найдвартай сайн хаалгачтай хэмээн үнэлэгддэг байв. Гэтэл Рейна энэ улиралд хаачих боломжтой олон ч бөмбөгийг барьж чадалгүй алдлаа. Энэ янзаараа байвал испани хаалгач үндсэн бүрэлдэхүүний байраа бусдад алдах нь гарцаагүй. Ганц гэгээтэй зүйл ажиглагдаж байгаа нь тэд цомын тэмцээнүүдэд сайн тоглож буй явдал. Тэд хоёрдугаар сард “Кардифф”-ыг хожиж, Лигийн цомд түрүүлсэн. Энэ түрүү тэдэнд Европа лигийн эрх олгосон юм. Мөн FA Cup-ын их шөвөгт шалгараад буй. Мэдээж Далглиш цомын тэмцээнд гол анхаарлаа хандуулаад, лигээ хоёрдугаарт тавьсан нь тэднийг олон дараалж ялагдахад хүргэсэн. Гэхдээ л “Уиган”, “Болтон” зэрэг сулхан багт талбайдаа хожигдоно гэдэг байж болшгүй зүйл билээ.
Ямартай ч “Ливерпуль”-д томхон өөрчлөлт, шинэчлэл хэрэгтэй. Гэхдээ энэ шинэчлэл дасгалжуулагчаас эхэлнэ гэж бодохгүй байна. Кенни бол “Ливерпуль”-ийн түүхэнд хүндтэй байр эзлэх хүн. Тэгээд ч өнгөрсөн улирлын сүүлийн хагаст тэднийг сэргээж, сайн дасгалжуулагч хэвээр гэдгээ харуулсан. Тиймээс ирэх улиралд “Ливерпуль”- ийг өөд татахын төлөө дахин нэг үзээд алдах байх. Харин ингэхийн тулд ноён Далглиш бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлт оруулах хэрэгтэй болов уу. Юуны өмнө ид үеэ өнгөрөөсөн Жеррардыг орлох сайн хагас хамгаалагч хэрэгтэй. Хэрвээ Жеррард дахин удаан хугацаагаар гэмтвэл тэд балрах нь тодорхой. Мөн гоолын одтой довтлогч дутагдаж байна. Дээрээс нь хоёрын зэрэг сайн хамгаалагч авчрахгүй бол дурын баг тэдний хаалганд гоол хийдэг үзэгдэл арилахгүй. Гэхдээ гол асуудал бүрэлдэхүүндээ биш, тоглогчдын сэтгэл санаанд бий.
Одоо “Ливерпуль”-ийн бүх тоглогчид сүр сүлд нь уначихсан мэт дорой харагдаж байна. Харин нэг сэргэчихвэл юуг ч бүтээж чадах залуус энэ багт байгаа. “Челси”-г хар л даа. Саяхан л “Ливерпуль” шиг олон дараалж ялагдаж байсан ч ганц өөрчлөлтийн дараа сэргэлт авч чадсан. Тиймээс ийм сэргэлт л “Ливерпуль”-ийг аврах нь гарцаагүй. Ирэх улиралд бид арай өөр “Ливерпуль”-ийг харна гэж найдах л үлдэж байна.
Г.БАЯРСАЙХАН