Сонгууль ойртсон сургаар намууд сонгогчдод хайр зарлаж байна. Хайранд дургүйд нь мөнгө амлаж байна. Ялангуяа том намууд арангаа харуулж байгаа бололтой. Сураг сонсвол Сүхбаатар аймгийн МАН-ын хороо өчигдрөөс намдаа 50-аас доошгүй хүн элсүүлсэн хүнд 1 сая, элссэн хүн тус бүрт нь 20 мянган төгрөг өгөх ажлыг эхлүүллээ гэж Сүхбаатар аймгийн эх сурвалж ярьж байна. Энэ нь одоохондоо албан ёсоор нотлогдоогүй гэдгийг хэлэх нь зөв байх. гэхдээ олны яриа ортой гэсэн үг бий.
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга нь “Одкон” хэмээх компанийн захирал Л.Мөнхбат гэж мөнгөтэй нөхөр аж. Сануулахад хэдэн жилийн өмнө эдний компанийн жолооч харанхуй шөнө хурд хэтрүүлж яваад ноцтой осол гаргаж, нэг хүний амь насанд хүрч хэд хэдэн хүнд, тэр тусмаа хүүхдэд хүнд бэртэл учруулж байсан юм байна. Одоо ч тэдний зарим нь эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөрөө хохирч яваа дуулддаг.
Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн хошууч Дэлэг гэдэг хүн шалгаж байсан боловч “Одкон” компанийн жолооч олдохгүй байгаа тухай учирлаж байжээ. Гэвч жолооч нь хариуцлагаас зугтаж чаджээ. Бодвол компанийн захирлын нөлөө байсан биз. Л.Мөнхбат нь УИХ-ын гишүүн Ч.Улаанд туйлын үнэнч нэгэн аж. Тиймдээ ч түүний орыг залгахаар том бизнесээ хоёрдугаарт тавьж Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга болсон гэж сүхбаатарчууд ярьдаг юм билээ. Ингэснээрээ Ч.Улаан гишүүн адилхан морины хообийтой, УИХ-ын нэг ангийн анд Р.Будыгаа эртнээс жийж эхэлжээ. Уг нь Р.Буд нь нэр цэвэр, эгэл монгол хүн гэдгээрээ Ч.Улаанаасаа төө илүү гэж нутгийнхан нь ярьдаг гэнэ лээ.
Д.Бямбасүрэн