-Талууд УИХ-ын удирдлагатай зөвшилцөхөөр боллоо-
Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр АН-ын гишүүдийн хүссэнээр Ерөнхий сайд С.Батболдыг байлцуулан хуралдлаа. Орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамт явуулахаар 2007 онд хуульчилсан атал дөрвөн жил “зүгээр суучихаад”, одоо “хугацаа амжихгүй, техникийн боломжгүй” гэж буйн учрыг АН-ынхан Ерөнхий сайдаас асуув.
З.Энхболд болон Д.Лүндээжанцан нарын санаачилсан хоёр сонгуулийг хамт, тусдаа хийх тухай өөр өөр агуулгатай төслийг бүр орхиод одоо хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар асуудлыг шийдэх ёстой гэж тэд үзсэн юм. Энэ талаар Ерөнхий сайд “Одоогийн хуулийг мөрдөнө гэвэл санал хураах өдөр, цаг гэх мэтээр зөрүү олон бий. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх дүүрэг УИХ-д гурван мандаттай. Үүнд 6-8 намаас 14-24, дүүргийн ИТХ-ын 3-4 мандатын төлөө 24-40, нийт 60 гаруй нэр дэвшигч өрсөлдөнө. Тэгэхээр нэг сонгогчийн санал өгөх хугацаа өмнөхөөсөө 4-5 дахин нэмэгдэж байгаа юм. Тиймээс гурван шатны сонгуулийг 20.00 цагт дуусгах нь бэрхшээлтэй. Мөн хамт явуулахаар орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрх дөрвөн жил байх Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд байна” гэлээ.
Хамт явуулахад хууль эрх зүй, зохион байгуулалтын олон бэрхшээл байгаа тухай СЕХ, дүүрэг, сум, аймаг, нийслэлийн ИТХ-аас Ерөнхий сайдад бичиг ирүүлсэн гэнэ. Мөн УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийж, хүмүүсийг халж сольсон асуудлыг ч АН-ынхан сөхсөн. “Хамтарсан Засгийн газрын үед ярьсан ажил үргэлжилж байгаа. Хууль зөрчсөн, улстөржсөн асуудал байна гэвэл би нягталъя” хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Аливаа хуулийн хэрэгжилтийг УИХын өмнө Ерөнхий сайд хариуцна гэсэн Үндсэн хуулийн заалтыг АН-ынхан нэхэл хатуутайгаар сануулж, давтан асуув.
Ч.Сайханбилэг: -УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж Үндсэн хуульд заасан. Тэгвэл 2008 онд бид олимп өнгөрсний дараа, наймдугаар сарын 28-нд сая тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулсан. Тэр үед хоёр сонгууль зэрэг болох хуулийг баталчихсан, бүгд ийм ойлголттой орсон. Одоо зургаадугаар сард сонгууль болохоор бид “Бидний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна” гээд заргалдах уу. Үүнтэй л адил шүү дээ.
С.Батболд: -УИХ-ын гишүүдийн бүрэн эрх янз бүрийн хугацаанд баталгаажсан түүх бий. Гэхдээ орон нутгийн хурлын сонгууль тогтмол хугацаанд болдог байсан. Энд дөрвөн жилд нэг өдөр орон нутгийн удирдлагаа сонгодог сонгогчдын эрх зөрчигдөөд байгаа ялгаа бий гэв. Түүний энэ ярианд Д.Лүндээжанцан хуульчийн үүднээс тайлбар өгөх гэхэд АНынхан “Та хэзээ Ерөнхий сайдын хуулийн зөвлөх болчихоов” хэмээн ам асуулаа. Н.Батбаяр “Ц.Нямдорж нь нэр хүндгүй болчихоод Д.Лүндээжанцангаас асууж байна” хэмээн егөөдөд авсан. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, хоёр сонгуулийг хамт явуулах боломжгүй гэж үзээд буй нийслэлийн удирдлагууд, хоёр ч газрыг татан буулгасан “хэрэгт унаад” буй УБЕГ-ын дарга Ж.Амарсанаа нарыг дуудуулав.
З.Энхболд: -Ерөнхий сайдын ярьсан олон хүндрэлийг шийдэхийн тулд л хоёр сонгуулийг хамт явуулах гээд байгаа юм. Нэг хүний санал өгөх хугацаа уртсаад байна гэвэл хэсгийн хороодын тоог олшруулах замаар ачааллыг багасгах боломжтой. Өнөөдөр хоёр сонгуулийг хамт явуулахаар хуульчилсны дөрвөн жилийн ой болж байна. Бүтэн дөрвөн жил хууль хэрэгжүүлээгүй чинь хууль дээдлээгүй хэрэг биш үү. Та бол энэ хуулийн хэрэгжилтийн өмнө хариуц лага хүлээх ганц хүн. Хуулийг хэрэгжүүлж чадах уу үгүй юү гэдгээ л тийм, үгүй гээд хэлчих.
С.Батболд: -Тийм, үгүй гэж шууд хариулах боломжгүй асуулт байна. Бид хийх юмаа хийсэн. Сонгуулийг хамт явуулах боломжгүй тухай бичиг СЕХ, ИТХ ирүүлсэн. Одоо УИХ хууль хоорондын зөрчлийг шийдээд гарц тодорхойлчихвол ажиллахад бэлэн. Хууль, зохион бай гуу лалтын хүндрэлтэй нөхцөлд на даас тийм, үгүй гэж хариулахыг шаардах нь шударга биш.
З.Энхболд: -Дүүрэг, нийслэлийн ИТХ-аас ирүүлсэн бичгийг харж байна. Энэ сарын 6-нд ирүүлсэн юм байна. Үүнээс өмнө хууль хэрэгжүүлэх талаар та анхаараагүй хэрэг үү. Бодит бэрхшээл байгааг бид ойлгож байна. Дүүрэг, сумдын сонгууль нийлбэл 2000, зөвхөн аймаг, нийслэлийнхийг хамт хийнэ гэвэл 1500 төрлийн саналын хуудас хэвлэнэ. Бүх сонгуулийг зэрэг хийнэ гэвэл одоогийн төхөөрөмжөөр 2000 саналын хуудас тоолох боломжгүй. Digit print гэдэг технологийг нэмж оруулж ирвэл боломжтой. Одоогийн төхөөрөмж дээр аймаг, нийслэлийн сонгуулийг хамт хийх боломж бол бий.
С.Батболд: -Сонгуулийн хууль, тогтолцоо нь шинэ, анх удаа саналыг автоматаар тоолох гэж байна. Тиймээс асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бүх юм нь шинэ нөхцөлд хоёр сонгуулийг хамт хийхэд бэрхшээлтэй. Бид сэтгэл гаргаад л ийм бэрхшээл, асуудал бийг хэлж байна. Зөвхөн улс төрийн эрх ашиг харж асуудалд хандаагүй. Ажилд санаа зовсон Ерөнхий сайд нь энд суугаад ярьж байхад МАН-ын дарга ингэв гэж битгий хандаач ээ.
Н.Лувсанжав(СЕХ-ны дарга): -Төхөөрөмжүүдийг туршиж байгаа. Эхний ээлжинд машины үндсэн үйл ажиллагааны программыг хийж байна. Машин найдвартай ажилладаг. Өмнө нь төхөөрөмжтэй холбоотой асуудал гарсан тухай АНУ-ын тал бидэнд хэлсэн. Гэхдээ машиндаа биш зохиосон программ бурууд асуудал байсан юм билээ. Булхай хийхийг хаасан систем бий учраас энэ машинаа л ашиглана. Хэрэв хоёр сонгуулийг зэрэг хийнэ гэвэл санал хураахаас 60 хоногийн өмнө нэр дэвшигчдийн жагсаалтыг бэлэн болгосон байж хэвлэнэ гэдгийг АНУ-ын тал мэдэгдсэн. Мөн саналын хуудасны цаасыг Канадаас авч байгаа. Үүнийг УИХ-д нэр дэвшигчийн тоогоор захиалчихсан. Хамт хийнэ гэвэл саналын хуудасны цаас дутахаас эхлээд бэрхшээл тулгарна гэлээ.
Цахим үнэмлэхний дардас, карт хоёр таарахгүй байгаа тул хамгийн багадаа хугацаагаа 14 хоногоор сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг АНУ-ын талаас ирүүлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд уншиж танилцуулав. АНУ-ын талаас өчигдөр дахин мэйл ирүүлж, энэ хүсэлтээ бататгасан гэнэ. “Манай яам асуудлыг энэ оны нэгдүгээр сарын 27-нд хүлээж авсан. Зургаадугаар сарын 16 гэхэд сүүлийн бэлдцүүдийг хэвлээд дуусгах байсан ч 14 хоногоор хойшилж байна. Засгийн газар, ХЗДХЯ энэ ажлыг санаатай хойш татаагүй. Тэгж хардаж байгаа бол Байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаад шалгаж болно” гэлээ. Нэгэнт хэлэлцэхийг нь шийдээд буй зарчмын хоёр өөр агуулгатай төслүүдийг ярихгүй, одоогийн хуулиа мөрдөх саналыг АН гаргасан учир “Хууль хоорондын зөрчлийг арилгах төслийг Засгийн газар яаралтай оруулж ирэх ёстой” гэлээ. Р.Гончигдорж “Таныг ганцаараа байшин барь гээгүй. Ерөнхий сайд Та бол холбогдох хүмүүсээр нь тоосго өрүүлж, хийлгэдэг инженер нь гэсэн үг. УИХ зураг төслийг нь гаргаад өгчихсөн байхад ажиллах л ёстой” гэв.
Ерөнхий сайд “УИХ-аас гаргаж өгсөн зураг нь алдаатай бай гаа учир засаж өгөхийг л хүсээд байна. Ер нь Д.Лүндээжанцан, З.Энхболд гэдэг хоёр архитекторийн зурагт Засгийн газар саналаа өгсөн. Хараад суугаагүй, оролцоод явсан. Ер нь 20 жилийн түүхэнд Засгийн газар Сонгуулийн хууль санаачилсан түүх байхгүй” гэлээ. Үүгээр дахиад л маргаан үүсэв. Су.Батболд гишүүн “Засгийн газар битгий тийм төсөл санаачил. Дараа нь бөөн асуудал үүснэ. Засгийн газар Сонгуулийн хууль санаачилдаг жишиг байхгүй” гээд Р.Гончигдоржтой маргав. Эцэст нь ИЗ-НН-ын дарга Д.Энхбат “Хэн нэг рүүгээ бурууг чихэж байгаа ч МАН, АН хоёулаа адилхан буруутай. Стандарт бус Засгийн газар байгуулсны хариуцлагаа хүлээх үү. Одоо ингэж маргаад ямар ч үр дүнгүй. Мэдээж сонгууль болоход хоёрхон сар үлдсэн учир шийдлээ олж л таарна. Олохгүй бол олон нийт бужигнаж таарна” гэлээ. Ингээд УИХ-д суудалтай бүх нам, СЕХ, нийслэлийн удирдлага, Засгийн газраас төлөөлөл ороод УИХ-ын удирдлагатай уулзаж, яаралтай гарц олох талаар ярилцах болсноор Байнгын хороо тарлаа.
С.ТУУЛ