УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин уржигдрын хуралдааныхаа талаар мэдээлэл өглөө. Чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдын мэдэхийг, шийдүүлэхийг хүссэн саналыг “дайж” ирснээ хэрхэн хэлэлцсэн байна. Иргэд байгалийн баялгаас хүртээх сая төгрөгийг хэзээ, хэрхэн олгох талаар голчлон сонирхжээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох сая төгрөгийн эх үүсвэр 334 тэрбум төгрөгийг энэ оны улсын төсөвт суулгасныг бид мэднэ.
Засгийн газраас гаргасан журмын дагуу дээрх иргэд уг мөнгөө дөрөв, тав, зургаадугаар сарын сүүлчээр гурав хувааж авна. Засгийн газар үүнийг “Нэг дор их хэмжээний бэлэн мөнгө тараах нь инфляц хөөрөгдөнө” хэмээн тайлбарласан. Мөнгө биш хувьцаа авах гэсэн иргэдийн тэмдэглэгээг ч хийж гүйцэтгэх гэнэ. Үүнээс гадна орон сууцны зээл гэх мэт бэлэн бус хэлбэрээр мөнгөө авах боломжийг бүрдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзжээ. МАН-ын бүлгийн ахлагчаас зарим зүйл тодрууллаа.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнаас бусад хүнд сая төгрөгийг нь хэзээ олгох юм бэ?
-УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Мөнгөө авна гэж буй иргэдийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгож, “босгосон” санхүүгээр энэ асуудлыг шийднэ. Хувьцаа, мөнгө гэсэн сонголт, олгох асуудлыг тав, зургаадугаар сард зэрэгцүүлэн шийдэх ёстой гэсэн чиглэл өгсөн.
-Цахим үнэмлэх хэвлэж дуусах ажил 14 хоногоор хойшилж буй юм билээ. Ингэхээр сонгуулиар цахим үнэмлэхийг хэвлэн тарааж амжихгүй болох нь. Ямар гарц байна вэ?
-Ц.Нямдорж сайд Бүлгийн хуралд энэ тухай мэдээлэл хийсэн. Дардас хэвлэж буй АНУ-ын компаниас ийм хүсэлт тавьсан байна. Хугацаандаа энэ асуудлыг шийдэж чадахгүй бол Автоматжуулсан системийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Саналын хуудас тоолох, цахим үнэмлэхээр бүртгэл хийх хоёр төрлийн төхөөрөмж бий. Цахим үнэмлэхээ хэвлэж амжихгүй бол сонгогчийн үнэмлэх хэвлэх хэрэгтэй болно.
-Энэ ажлыг хугацаанд нь амжуулаагүй хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үнэмлэхний загварыг бэлэн болгох ёстой байсан Засгийн газар, ялангуяа Тэргүүн Шадар сайд хариуцлагаас бултахгүй.
С.УУЛ