УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн асуудлаар Засгийн газарт өчигдөр албан тоот илгээлээ. Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн ашиглалт, түүний нөөц, ач холбогдол, стратегийн ордод хамааруулах асуудлаар зарим иргэн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон уулзалт, ярилцлагын үед санал бодлоо илэрхийлсээр байгаа билээ. Тиймээс спикер энэ асуудлыг нарийвчлан судалж, Хөшөөтийн уурхайн ашиглалт, уг ордыг түшиглэж баригдах нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто замын зэрэг төслүүдийн явцын талаар бодитой мэдээлэл, судалгаа гаргаж ирүүлэхийг Засгийн газраас хүссэн байна. Түүнчлэн Хөшөөтийн уур хайг зохих хууль тогтоомжийн дагуу стратегийн ач холбогдолтой ордод хамааруулах асуудлыг судлан үзэж, орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн санал дүгнэлтээ УИХ-д ирүүлэхийг хүслээ.
Го.ЭНХТӨР