Монгол Улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, манай улсад төлөх ёстой 120 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийхийг оролдсон ОХУын иргэн С.В.Паушокыг монголчууд ялсан. Түүний бүх өр төлбөрийг, компанитай нь монголчууд худалдан авч, графикийн дагуу өрөө барагдуулж байгаа. Манай улсад 1997 оноос хойш тасралтгүй 10 жил бизнес хийсэн тэрбээр Монголыг санагалзах болсон дуулдав. Албаны эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр манай орныг татварын таатай нөхцөлтэй, бизнес хийх бололцоо сайтай гэдгийг сая л нэг ухаарч зарим нэг бизнесменд хамтран ажиллах санал тавьсан сурагтай. Гэхдээ монголчуудад нэрээ барсан тэрбээр өөрийн баруун гар болсон хүнээр дамжуулан ажлаа явуулах бодолтой байгаа гэнэ. Олон улсын шүүхэд ялагдсан С.В.Паушок ямар санаа өвөрлөн Монголын зүг гараа сунгах болсон нь тодорхойгүй. Дашрамд сонирхуулахад С.В.Паушок 2007-2008 онд 8.9 сая төгрөгийн нөхөн татвар, 73.932.351.2 мянган төгрөгийн хүү, 865.036.7 мянган төгрөгийн торгууль, 519.021.9 мянган төгрөгийн алданги буюу нийт 75.325.324 мянган төгрөгийн татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварт 52.445.524.4 мянган төгрөг төлөх ёстой байсан юм. Энэ мэт өр нь нийлсээр 127.770.848 мянган төгрөгийн төлбөртэй болохыг татварын улсын байцаагч, Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлах товчооны шинжээчийн дүгнэлтээр тогтоосон юм.