Хөвсгөлийнхөн хэнийг ч сонгож мэднэ. “Гүн цэнхэрхэн далай” дууны шүлгийн зохиогч Л.Гүндалайг оруулахгүй бол шүү дээ. 1996 оны сонгуулийг эс тооцвол УИХ-д АН олонх болж байсан удаагүй ч бараг Ардын болон Ардчилсан намд эн тэнцүү итгэл хүлээлгэдэг ганц тойрог гэвэл Хөвсгөлийг л хэлэх байх. Зарим хүн мартсан ч байж магад. 1992 оны УИХ-ын анхдугаар сонгуулиар хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд гуай, Г.Төртогтох, Д.Данзан нар МАХН-ын нэр дэвшигчдийг өнгөлж, үлдсэн ганц мандатыг ардчилсан хөдөлгөөний удирдагч Ц.Элбэгдорж авч байсан юм.
1996 онд Д.Бохьшарга, Э.Бат-Үүл, Р.Одонбаатар, Д.Цогбадрах гээд ардчиллынхан гялалзсан амжилт үзүүлж байв. 2000 онд АН энэ тойрогт анх удаа бүрэн хэмжээний ялагдал хүлээсэн ч бие даан өрсөлдөөд сонгогдсон Л.Гүндалай сүүлд АН-д элссэн. Тэр цагаас хойш элдэвтэй гишүүн ер ялагдал хүлээсэнгүй. Хамгийн өндөр хувиар сонгогдож иржээ. 2004 онд АН-ын М.Энхсайхан (одоо МҮАН-ын дарга), О.Энхсайхан агсан, Эх орон намын Б.Эрдэнэбат, 2008 онд Ц.Сэдванчиг нар сөрөг хүчнээс өрсөлдөж ялалт байгуулсан байна. Нөхөн сонгуультай нийлээд МАН-ын Ө.Энх түвшин гурав дахь удаагаа сонгогджээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ч гэсэн хөвсгөлчүүд ардчилсан хүчнээс нэр дэвшигчдийг дандаа ялуулж ирсэн байдаг.
Гүн цэнхэр далайн нутагт одоо хондоо амар жимэр ноёрхоно. Гэсэн ч хөвсгөлчүүд хэн хэнийг дэмжихээ дотроо тунгааж суугаа гэдэгт найдаж болно. Олны санаанд ороогүй хэнийг ч гаргаад ирж мэднэ. Гол өрсөлдөөн мэдээж МАН, АН-ын дунд өрнөнө. АН-ын хувьд Л.Гүндалай, Ц.Сэдванчиг хоёр ногоон гэрлээр явчих болов уу. 2008 оны сонгуулиар хамгийн өндөр буюу 51, 52 хувийн саналыг энэ хоёр авсан. Тэдний рейтинг нэг их унаагүй тухай эх сурвалжууд ярьж байна. Намын нэрээр авах саналдаа нэмэртэй гэж үзвэл Л.Гүндалайг жагсаалтдаа багтаана гэх байх. Харин мань эр тойрогтоо дэвшинэ, нэг мандат бол найдвартай гэж дарга нартаа учирлажээ. Ц.Сэдванчигийн хувьд баталгаатай нэр дэвшинэ. Ялна гэдэгтээ ч итгэлтэй байгаа юм билээ.
Хөвсгөлийнхний хүлээж буй нэг хүн нь АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл юм. Гэвч тэрбээр намын жагсаалт дахь эмэгтэйчүүдээ тэргүүлж оролцоно гэж байгаа аж. Энд өрсөлдөх улстөрчдийг “алалцуулж” байгаа нэг зүйл нь мандатын тоог хоёр дахин цөөрүүлсэн явдал юм. АН-ын хувьд мандатын маргаан гарахааргүй байгаа. Харин ногдсон мандатын тооноос хоёр дахин илүү нэр дэвшигч МАН до тор өрс өлдөж байна. Ө.Энхтүвшингийн рейтинг ерөнхий дөө тогтвортой байгаа ч намын нэрийн жагсаалтад орох магадлал байгааг үгүйсгэхгүй байна. Гэсэн ч нам нь Хөвсгөл рүү “чихэх” л болов уу. 2004 онд тэрбээр Хөвсгөлийн сонгогчдоос 44.8 хувийн санал авч байсан бол энэ хувь 2008 онд 45 болж өссөн байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, “ТВ-5” телевизийн зөвлөх Д.Сарангэрэлийн нэр нэлээд чанга дуулдаж байна. Улс төрд шинэ хүн боловч улс төрийн шатаар хамгийн амжилттай өгсөж яваа эмэгтэйн нэг юм.
Хөвсгөлөөс юм дуулгах хүний тоонд зүй ёсоор багтаж байна. Намын нарийн бичгийн даргын хувиар жагсаалтын дээгүүр бичигдэх магадлал бас өндөр юм. Ц.Даваасүрэнгийн хувьд боломж улам бүр хумигдсаар байгаа бололтой. Энэ удаагийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж болохыг улс төрийн ажиглагчид үгүйсгэхгүй байна. Энэ мэдээлэл ба тлагдвал Ө.Энхтүвшин, Л.Энх- Амгалан нарт том шавар болох нь ойлгомжтой. Санал хуваах нь гарцаагүй. Л.Энх-Амгалан гэж ямар нөхрийн тухай яриад эхлэв гэж бүү гайхаарай. “MCS” группийн тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг түүнийг МАН-аас нэр дэвших магадлалтай гэдэг. Нэр дэвшихэд нь С.Баяр дэмжлэг үзүүлж болзошгүй юм. 1992 онд 3:1, 1996 онд 0:4, 2000 онд 3:1, 2004 онд 0:3, 2008 онд 2:2 гэсэн харьцаагаар МАН, АН ялж, ялагдаж байснаас үзвэл хөвсгөлч үүд 2012 онд МАН, АН-д 1:1 гэсэн мандат өгөөд явуулахыг үгүйсгэхгүй.