Төр бол хүн биш. Хэн нэгэн Энхбаяр, Элбэгдорж, Нямдорж гуайтнууд өөрсдийгөө Монголын төр мэтээр ойлгуулах гээд байдаг болохоос биш, төр бол хэн нэгэн биш. Төр бол ард түмний тогтоосон хуульт ёсны харилцаа л юм. Төр гэхээр монголчууд хэн нэгнийг олж харах гэдэг. Мах цусанд төрсөн байтал нь алдаа, оноотой нь бурханчлан дээдлэх гээд байдаг сүрхий уламжлалтай.
Энэ нь Монголын төрд дээгүүр алба хашдаг хүмүүст дураар авирлах оюун санааны орон зай нь, хуулиас гадуурх эрх чөлөө нь, дагах учиртай ёс заншил нь юм шиг хатуу тогтжээ. ...Хүмүүс түүний араас гуталгүй, хөх саарал оймстой хөлийнх нь улыг хараад өрөвдөн хоцров.
Н.Энхбаяр нээрэн шударга үнэний дуу хоолой байсан болоод хэлмэгдэж байгаа ч юм бил үү, эсэх тухайд ч эргэцүүлэх болов. Эсэн бусаар үймсэн сэтгэгдлүүд үлдэв. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн зургаан хувийн хүүтэй зээлээ Засгийн газар олгоод эхэллээ. Овооттолгойн ордын хувьцааг худалдан авах замаар Тавантолгойн бүс, Монголын нүүрсний үнэ Хятадын төрийн хяналтад шилжиж байна. Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчлахдаа дуулиан шуугиан тариагүй бол хүмүүс орон сууцны зээлэнд урамшиж, Овооттолгойгоо хятадуудаас учиргүй харамлах л байв.
Н.ЭНХБАЯР РУУ “МОРЬД ЭРГЭХ” ҮҮ
Н.Энхбаяр өнөөдөр дөрвөн жилийн өмнөх долоодугаар сарын 1-нд болсон эмгэнэлт хэрэг явдлаас дутуугүй олны анхаарлыг гагц өөр рүүгээ “уран” эргүүллээ. Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд өрсөлдөхдөө тэрбээр “Морьд эргэлээ” гэсэн уриатай оролцож, монгол түмний итгэлийг хүлээж байсан туршлагатай. Тэгэхэд АН-аас нэр дэвшсэн М.Энхсайхан түүнийг “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн цоллож, сонгуульд “Авлигачдыг цээрлүүлнэ” гэж амла сансан. Авлигачдыг цустай нь холиод өгөхийг уриалсан лоозон “эвтэй байхдаа хүчтэй” гэдэгт сүсэглэдэг монголчуудын цөсийг хөөргөж чадааг үй юм. “Морьд эргэлээ, хө” гэх монгол ахуйгаас ургасан Н.Энхбаярын улс төр ирэх сонгуулиар давтагдаж мэдэх нөхцөл байдал үүсэж орхив. “Дөрвөн мөчнөөс нь дамжлаад байхдаа яах вэ дээ, ямар заазлуулсан мал биш, зайлуул ...”, “Хоёр хөлөө хөөрхийлөлтэй нь аргагүй моодойтол гозгонуулаад шорон руугаа явсан даа”. Төрийн тэргүүн байсных нь хувьд МАХН-ын даргад харуусагсад олшров. Эгээ л Монголын төрийг шүүх гэж байгаа мэт.
Амьдрал баян, улс төр ойлгомжгүй, ард түмэн мартамхай юм. Н.Энхбаярыг “авлигын загалмайлсан эцэг” гэж цоллож байсан хүн одоо түүний хамгийн үнэнч анд, улс төрийн шадар зүтгэлтэн болсон. Н.Энхбаяр яаж баяжсан, ямар замаар улс төрөөс жийгдсэнийг нь хүмүүс аль хэдийнэ мартагнах маягтай болчихож. Яагаад гэвэл авлигын хэргийг шалган тогтоох, гэмтэй бол гэсгээн цээрлүүлэх учиртай Авлигатай тэмцэх газар өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяртай тулж ажилласангүй. Хангалттай олон жил үүнийг иргэд хүлээсэн. Төрийн тэргүүнээр сонгосон хүн нь шударга нэгэн байв уу, худалч, хулгайч байв уу гэдгийг мэдэх эрхтэй учраас хүлээж байсан. Түүнээс биш, түүний улс төрийн өрсөлдөгчид шиг мууг нь үзэх гэж, зүгээр л далд оруулах гэж АТГ-ын хөдлөхийг хараад байсан юм биш.
Н.Энхбаяр муу нэртэй, луу данстай хэр нь олон жил сул чөлөөтэй явсны цаад учрын талаар нийгэм тандахдаа “эцгийг” нь шүүвэл авлигын сүлжээг түүнтэй хамт босгосон олон улстөрчид “дээлээ нөмрөх” аюул тулгараад байгаа учраас АТГ түүгээр оролддоггүй хэмээн хардаж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам нөгөө ууч өршөөнгүй ард түмэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийнхөө алдаа завхралыг нь, хам хамсаатнуудыг нь шүүх, цагдаатайгаа хамт мартах шахаад байлаа. Харин ч намаасаа жийгдэж, тэжээсэн “бяруунууддаа” мөрг үүлсэн хөөрхий Н.Энх баяр болж хувирсан нь саяхан. МАХН-ыг байгуулж, МАНАН-г сөрж, олигархуудын эсрэг тэмцэх улс төрийн гуравдагч хүчний лидер болон, алга урвуулахын чинээ огцом шинэчлэгдсэн жигтэй түүх шинээрээ.
Н.Энхбаяр дахин төрж, тэс өөр хүн болсныг нүдээрээ хараагүй бол итгэшгүйтэй адил АТГ-ынхан нойрноосоо гэнэт огло харайн Н.Энхбаярын гэрт дайрч ороод, үүр цүүрээр үүрч дүүрээд аваад явахыг чихээрээ сонссон бол би лав үнэмшихгүй. Гэхдээ ийм явдал бодитоор болов. Монгол Улсыг аалзны тор шиг хэрж хүлсэн авлигын тухай жирийн иргэдийн хар сэр ашгүй нэг тайлагдаг. Н.Энхбаяр шударга үнэний дуу хоолой хэмээн өөрийгөө зарлан тунхагласан шигээ шударга, үнэнч юм бол монголчуудыг сөхрүүлсэн, тө рийг олигархжуулсны ээдрээ, гогцоог тайлж өгөхөд бэлэн биз ээ. Тэрбээр шударга ёсыг тогтоох талаар сүүлийн гурван жил амаа хаттал сурталдсансан.
ТУСГАЙГИЙН БОЙТОГ, Н.ЭНХБАЯРЫН ОЙМС
Н.Энхбаяр Төрийн ордон дахь албан өрөөндөө дөрөвдүгээр сарын 12-нд анх удаа морилж, хэвлэлийн хурал зарлан долоодугаар сарын 1-ний хэрэг явдалтай холбогдуулан өмнө нь олон нийтэд ил болоогүй байсан мэдээллийг сонордуулсан. Гэтэл яг энэ өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч сэжигтэн Н.Энхбаярыг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж гарчээ. Өдөр хоног нь яв цав нийлснийг тохиолдол гэж үзэхэд хэцүү. Н.Энхбаярыг цагдан хорьсон явдал улс орон даяар томоохон дуулиан дэгдээж, олон нийт ч учир шалтгааныг нь янз бүрийн хувилбараар харахад хүргэлээ. Энэ нь нэгдүгээрт, 2008 оны долоодугаар сарын 3-5-нд Ерөнхийлөгч Н.Энхбаярын өрөөнд УИХ-ын сонгуульд оролцсон намуудын удирдлагууд цуглаж хуралдсаны протоколыг хэвлэлийнхэнд тараасны нь төлөө эрх баригчид түүнийг хүч хэрэглүүлэн баривчлуулсан. Хоёрдугаарт, Н.Энхбаяр баривч лах захирамж гарч байгаа талаар мэдээлэлтэй байсан.
Дөрөвдүгээр сарын 12-ны орой баривчлахыг олж мэдмэгцээ яаравчлан хэвлэлийн хурал зарлаж, долоодугаар сарын 1-ний хэрэг явдалд тухайн үед ямар байр суурь илэрхийлж байснаа олон нийтэд амжиж дуулгах гэсэн. Гуравдугаарт, өөрийг нь авлигын хэргээр баривчлах болсны бодит шалтгааныг саармагжуулахын тулд албаар баривчлах ажил лагаа болохоос өмнө долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын хүрээнд ноцтой баримт дэлгэсэн. Ингэснээр хүмүүсийн толгойд эхний хувилбар эргэлдэнэ гэж Н.Энх баяр тооцоолсон гэх таам гуудыг хийж болохоор байна. Н.Энхбаярыг албадан саатуулах үйл явцаас болж олны санаа бодол үймэх нөхц өл байдлыг манай хууль сахиулах байгууллагууд тооцож чадсангүй. Бүр өөрсдөө онц ихээр сүржигнэнэ лээ. Нийтийн орон сууцыг 350 цагдаа бүсэлж ирээд л шөнөжин бужигнуулав. Н.Энхбаярын дээд давхрын айлд андуурч ороод, хөргөгч рүү нь шагайж харсан ч гэх шиг, бас зүгээргүй эд хогшлыг нь хэмхчиж хаясан гэхээр тусгай ажиллагаа ямар их “нустай” болсон нь ойлгомжтой. Илэрхий хүч давамгайлсан нөхцөлд сэжигтнийг гэрээс нь дамжилж гарахдаа гутлыг нь өмсүүлчих самбаагүй, ёстой л өөрсдөө “хөл, толгой нүцгэн” гэдгээ илчилсэн хошин шоу дэлгэсэн. Хууль сахиулагчдын ёс зүй, ур чадварт эргэлзэх сэтгэлгээг нийгэмд гүнзгийрүүлж орхисон нь харамсалтай. “Тусгай” гэх энэ баривчилгааг “Нусгайгийн бойтог, Энхбаярын оймс” гэж нэрлэвэл зохилтой. АТГ-ынхан одоо бойтог ажиллагаагаа баллах гэж сэжигтэн Н.Энхбаярын завшсан, шамшигдуулсан үйлдлүүдийн урт жагсаалтыг уншиж, “10-ын 10 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсээр байтал мөрдөн байцаалтад ирээгүй шдээ” хэмээн хов зөөж сууна.
Эрүүгийн хэрэг үүсгэж, Н.Энхбаярыг сэжигтнээр тооцсон зургаан сарын хугацаа өнгөрөхөд сэжигтэнтэй хуулийн дагуу ажиллахгүй удаж байсан нь сонин. Яагаад заавал УИХ-ын сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдсэн улс төрийн эгзэгтэй үед баривчлан хорих болов? Хүмүүс түүний араас гуталгүй, хөх саарал оймстой хөлийнх нь улыг хараад өрөвдөн хоцров. Сонгуулийн өмнөх дөрөвдүгээр сарын 12-ны “блюз” энэ байлаа. Сэжигтэн Н.Энхбаяр, АТГ-ын дунд эгшиглэж буй энэ блюз сонгууль хүртэл дангинасаар олон нийтийн сонголтыг будлиулж орхих вий дээ.
Б.ЭНХЦЭЦЭГ