УИХ дахь олонхийн бүлэг 45 гишүүнийхээ заримыг алдаж мэдэхээр болов. Анхнаасаа л намдаа шүүмжлэлтэй хандаж, МАХН-д элэгтэй байсан эрхмүүдийн салаа замын алийг сонгох вэ гэсэн тээнэгэлзээг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан үйл явц тайлж өгсөн аж. МАН-ыг чиглэсэн шүүмжлэлийн ард Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нарын нэр л дуулддаг байсан. “МАН-аас гарах гэж байгаа. МАХН-аас сонгуульд нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл үе үе гарч, тэр тоолонд эдгээр эрхэм үгүйсгэсэн хариу өгч ирсэн. Тэгвэл намдаа шүүмжлэлтэй ханддаг гишүүд дээр хэн хэн нэмэгдэж болохыг “дөрөвдүгээр сарын 12”-ны үйл явдлаас олон нийт харлаа. Ч.Улаан, О.Чулуунбат нар “эсэргүүцэгчдийн” эгнээнд нэгдсэн байна.
МАХН-ын даргад АТГ эрүүгийн хэрэг үүсгэж, ирж мэдүүлэг өгөхийг удаа дараа хүссээр байхад Н.Энхбаяр үл тоожээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, гээд манай төрийн хамгийн өндөр гурван албан тушаалыг хашиж үзсэн ганц улстөрч нь энэ хүн юм. Тиймээс хүндэтгэх шалтгаангүйгээр мэдүүлэг өгөхөөс “бултаад” буй хүнийг албадан баривчилдаг хуулийн зохицуулалтыг тэр мэдэхгүй байх учиргүй. Баривчлахыг мэдэж байсан учраас ч мань эрхэм хуулийнхныг хэрхэн “эргүүтүүлж”, алдаан дээр нь хийх тоглолтоо урьдчилан төлөвлөсөн байжээ. Тэр явдал болохын өмнөх өдөр “долоодугаар сарын 1”-ний хэргийн талаар мэдээлэл хийж, анхаарлыг эрүүгийн хэргээс үүн рүү хандуулахыг эрмэлзэв.
Улмаар цагдаагийнхан ирэхийг угтаад хэвлэлийнхэн, өөрийг нь дэмжигчид, гуравдагч хүчний намуудын дарга нар болон МАН-аас өөрт нь “хандтай” дээрх гурван эрхмийг дуудсан гэж ч таамаглаж болохоор. Б.Бат-Эрдэнэ гишүүн тэр үед залгахад Н.Энхбаяр дарга “Дуудчих” гэж хэлсэн гэнэ лээ. Дэмжигчдээ дуудаж, баривчлах ажиллагаанд саад учруулаагүй бол цагдаагийнхан 350-иулаа очиж сүржигнэх хэрэг гарахгүй байсан ч байж мэднэ. Улмаар өөрөө гараад машинд суухын оронд дамжлуулж, гуталгүй хөлөө сарвалзуулах дүр зургийг олон нийтэд харуулснаар Н.Энхбаярын хууль зөрчсөн, “авлигын загалмайлсан эцэг” гэх мэт асуудал мартагдан тэр “ардын баатар” болж хувирах нь. Учир нь түүнийг баривчлахаар олуулаа очсон, байрны хаалгыг эвдсэн, бүр дээд давхрын айлын залууг андууран гаргаж ирсэн гэх мэт хуулийнхны алдаан дээр Н.Энхбаяр өөрийгөө бусдаар өрөвдүүлэх мэргэн тактик бодож олсон байна.
Хуулийн хугацаанд очиж мэдүүлгээ өгөөгүй нь түүний буруу, хуулиа мөрдөж албадан саатуулах нь цагдаагийнхны үүрэг байсан. Гэхдээ тэд түүний “занганд” орж алдаа гаргасан. Гэвч одоо энэ сонин биш, хуулийнхан түүнийг дөрвөн мөчөөр савчуулан авч явсан, гэр орных нь эд хогшлыг ундуй сундуй болгосон тухай яриа л газар авч буй юм. Хөшигний цаана юу болсныг иргэд мэдэхгүй, тиймээс ч зодуулсан хүнийг өрөвдөх монгол сэтгэхүйгээр хандав. Тэр үед МАХН-ын даргынд байж таарсан дөрвөн гишүүний хувьд энэ бүхэн “хувьсгалын тохироо” бүрдүүлжээ. Уржигдар тэд Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Бид асуудлыг зохицуулах гэж очсон” хэмээн тайлбарласан. Үнэндээ Н.Энхбаярыг дэмжиж явдгаа энэ үйлдлээрээ тэд илчилсэн билээ.
Улмаар Ч.Улаан, Ц.Шинэбаяр нар буйданд даруулж, үйл явдал дуустал хэвтсэн. Д.Тэрбишдагва гишүүн шанаадуулж, бүрэн эрх нь асуудлыг “зохицуулж” дийлэхгүйг ойлгосон гэнэ. Тэдний өнцгөөс бол Төрийн тэргүүн асан хүний дууссан бүрэн эрхэд хуулийнхан халдсан, гишүү- дийн бүрэн эрхийг умартсан, балмад ажиллагаа явуулжээ. Уржигдрыг хүртэл Ч.Улаан нарын дээрх гишүүд МАН-аас гарч, УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах тухай мэдээллийг няцаахгүй, бас бататгахгүй байсан юм. Харин “Зүүний хүчний үзэл баримтлалтай намууд нэгдэж, хамтарч ажиллах нь үр дүнтэй. Шууд намаас гарна гэж яриагүй” гэж байлаа. Уржигдар тэд шийдвэрээ гаргажээ. Хэвлэлийнхэнд “Хуучин намаа сэргээнэ. Болсон үйл явдал МАН, МАХН хамтрах ямар ч боломжгүйг харууллаа” хэмээн шуудхан мэдэгдэв.
Харин Ц.Шинэбаяр Хамуг Монгол хөдөлмөрийн намаа орхихгүй гэж хэлсэн ч сэтгэлээрээ Н.Энхбаяртай, бусад гишүүнтэй ч хамт байгаа бололтой. “Зодуулсан” гурван гишүүн дээр Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Ц.Батбаяр нарыг нэмэхээр долоон хүн болж буй юм. Хуулийн дагуу наймаас дээш гишүүнтэй нам УИХ-д бүлэг байгуулах эрх эдэлнэ. Тэгэхээр МАХН-аа сэргээж, бүлэг байгуулахад нь тэдэнд нэг гишүүн дутаж байна. Нэгийн зэрэг хүнийг МАН-аас урвуулах нь тэдний хувьд түвэгтэй юм ер биш аж. Тэдэн дээр Д.Загджав, Ц.Цэнгэл, Р.Раш нар нэмэгдэж мэдэхээр байна. Нэгэнт шийдвэрээ гаргасан учир “МАХН-ыг сэргээх асуудлыг нягт боловсруулна, жирийн гишүүдийнхээ бодлыг бодлогодоо тусгана” хэмээн Ч.Улаан гишүүн мэдэгджээ. МАХН-ыг сэргээх ажил МАН-д нэгэнт эхэлснийг энэ үгээрээ тэр батлав.
Ийнхүү МАН-аас “салан тусгаарлах” үйл ажиллагаа эрчимжлээ. Үр дүнд нь хуулийн байгууллага буруудаж, МАН уг ажиллагааг зохион байгуулсан хэмээн чичлүүлж, бүр гишүүдээ алдан дотроо хагаралдав. Энэ зуур Н.Энхбаяр өөрийгөө үнэгүй сурталчилж, нэр хүнд нь тэнгэрт гарав. Бас түүний далбаан дор байсан эрхмүүд олны өмнө ил гарч ирлээ.
С.ТУУЛ