Нэр бол хувь заяаны томъёолол гэсэн үг бий. Үнэхээр ч тийм юм шиг. Зурхайчид, лам нар үзэж харахдаа заавал нэрийг нь асууж мэргэлдэг. Эндээс үзэхэд бурхны оронд хүн бүхэн нэрээрээ бичигдсэн байдаг гэх яриа үнэн ч байж мэдэх. Сүүлийн үед “амьдаа” нарын уулзалт гэх нэр дор ижил нэртэй хүмүүс цуглаж, нэрээ өндөрт өргөж, сайн яваа хүмүүсээ урамшуулж, хүндэтгэл үзүүлэн, саар яваагаа өөд нь татах олон зүйл санаачлан зохион байгуулдаг болж.
Түүгээр ч үл барам Бат-Эрдэнэ, Сарантуяа нэртэй хүмүүсийн амьдаа нар амжилттай явж байна, тэр дундаа урлаг соёлын салбарт тэргүүлж байна гэх сонирхолтой судалгаа ч явуулдаг. Тэгвэл залуу зохиолч Д.Пүрэвсүрэнгийн санаачилгаар “Найм дахь гариг” төвтэй хамтарч Пүрэв нэртэй амьдаа нарын уулзалтыг зохион байгуулах гэж байна. Төрийн шагналт, зохиолч П.Пүрэвсүрэн, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Монголын радиогийн ахмад сэтгүүлч Б.Пүрэвсүрэн, бурханч лам Г.Пүрэвбат зэрэг олон Пүрэв оролцох гэнэ. Тэдэнд зориулсан дуу хүртэл гарчээ. Пүрэвсүрэнгийн үг, Пүрэвсүрэнгийн ая, Пүрэвсүрэнгийн дуулсан “Амьдаа нар” дуу хэдийнэ бэлэн болжээ.
Л.ТАНАН