УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар цаг үеийн хэд хэдэн асуудлаар ярилцсан байна. МАХН-ын даргыг баривчилсан тухайд тэд “Энэ асуудлыг хуулийн байгууллага шийдэх ёстой. 300 гаруй цагдаа нь тэнд ажиллаж байхад Хууль зүй, дотоод хэргийн болон Ерөнхий сайд нь мэдээгүй сууж болохгүй.
Ц.Нямдорж сайдыг огцруулах тогтоолыг өргөн барьсан гишүүдийг дэмжиж байна. Асуудлыг “долоодугаар сарын 1”-ний хэрэгтэй холбон улстөржүүлж буй учир энэ тухай холбогдох материал, намуудын дарга нарыг байлцуулан хуралдсан ҮАБЗ-ийн хурлын протокол зэргийг олон нийтэд дэлгэх ёстой. Тэгвэл үүгээр улстөржих боломжгүй болно. Нөгөө талаас үйл ажиллагаа гүйцэтгэх тал дээр цагдаа нарын ур чадвар дутмаг байна” гэлээ.
АН-ын дарга Н.Алтанхуяг цахим үнэмлэх хэвлэх ажил саатсаныг МАН-ын зүгээс өөртэй нь холбон буруутгаж буйг няцаав. Тэрбээр “Бүртгэлийг шинэчлэхэд цахим үнэмлэх хэвлэх машин, түүний бэлдцийг бэлэн болгох, хурууны хээ таних машин оруулж ирэх гэсэн гурван гол ажил байсан. Би хоёр машин оруулж ирэх ажлыг дуусгаад ажлаа хүлээлгэж өгсөн. Цахим үнэмлэх хэвлэх ажлын тендерийг шалгаруулалтгүйгээр “Бодь интернэшнл”-д өгсөн гэж байгаа. Бүртгэлийн асуудал улсын нууцад хамаардаг, ийм тохиолдолд шууд гэрээ байгуулахыг хуулиар зөвшөөрдөг. ТЕГ, Сангийн яамны зөвшөөрлөөр дээрх компанитай шууд гэрээ байгуулсан.
Бэлдэц нийлүүлэх “Жемалто” компанийг ч УБЕГ шууд гэрээгээр сонгосон. Мөн хурууны хээ таних машиныг сонгох тендерийг УБЕГ зохион байгуулахаар СЕХ-той тохирсон. Ингээд дөрөвдүгээр сарын 20-ноос үнэмлэх хэвлэж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр нэгдүгээр сарын 20-нд би ажлаа хүлээлгэж өгсөн. Гэтэл УБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар сонгуульд нэр дэвшинэ гээд ажлаа өглөө. Улмаар үүрэг гүйцэтгэгчээр томилсон Л.Амарсанаа нь хоёрдугаар сарын 16-нд СЕХ руу бичиг илгээж, хурууны хээ таних төхөөрөмжийг сонгох ажлын хэсгээс хүмүүсээ татлаа гэсэн байна. Үүнээс болоод энэ ажил зогссон тухай Н.Лувсанжав даргын албан бичиг бий. Мөн энэ сарын 9-нд Ц.Нямдорж сайдын тушаалаар УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийж, гурван газрыг нэгтгэсэн. Л.Мөнхбаатар ажлаа өгч, хамаг ажлаа мэдэж байсан хоёр газрын даргыг нь халснаар УБЕГ-ын санах ойг устгалаа. Ийм замаар сонгуулийг будлиантуулах луйврын ажиллагаагаа хийдэг юм байна” гэсэн юм. Цахим үнэмлэхийг хэвлэж амжихгүй болсон ч хурууны хээ таних төхөөрөмжийг ашиглавал энэ сонгуулийг будлиангүй явуулах боломжтой гэж АН үзэж буйгаа хэллээ.
С.УУЛ