Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилсныг буруу гэхээсээ илүүтэй бүхний нүдэн дээр хүчээр аваад явсанд л бухимдсан олон нийт гэнэтийн цочирдлоосоо гарч эхлэв бололтой. Хэвлэлийн хуудаснаа түүнийг буруутгасан өнгө аяс давамгайлж эхлэв. “Аавын хөвгүүдийг ачаад явдаг л амьдрал биз дээ” гэж уурсангуй хэлж шүлсээ хаях залуучууд таарах болов. Хууль шүүхийнхэн ард түмэндээ ялгавартай хандаж ирснийхээ горыг өөрсдөө амслаа. Алагчлалгүй ханддаг байсан бол хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим үйлчилж хэн ч энэ асуудалд цочирдохгүй л байсан гэцгээж байна.
Урьдчилан бэлтгэсэн гал руу бүгд л гүйгээд орчихсон нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлуудаас захын мангарт ч ойлгогдохоор байлаа. Баригдах өдрийнхөө 12.00 цагт долоодугаар сарын 1-ний асуудлаар улс төрийн намуудын удирдлагатай хий сэн уулзалтын протоколыг Н.Энхбаяр ил болгосон нь авилгын хэргээр баривчлагдах гэж байгаагаа нуух гэж оролдсон хэрэг гэж ажиглагчид хэдийнээ дүгнээд байна. УИХ-ын дөрвөн гишүүнийг Асашёрюүтэй юутай хээтэй нь аавындаа аваад ирчихсэн нь ч мөн л өөрийгөө хамгаалуулах хэрэгсэл болгон ашигласныг гэрчилнэ.
УИХ-ын гишүүд ч гэсэн түймэр гарсан газарт гүйж орчихоод намайг түлчихлээ гээд гомдоллоод зогсож байгаа нь хөгийн л харагдсаныг хүмүүс шүүмжилж л байна. Сайн хүн болж урдуур нь баахан савсганаж тусгайгийнхны ажилд тушаа болж түүнийхээ шанг хүрт чихээд халдашгүй бү рэн эрх ч гэх шиг. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар Н.Энхбаярын баривчилгааг сонгуулийн тойргоос болж намаа шантаажлах гэж ашиг ласан гэж тэдний үйлдлийг дүгнэх хүн олон байна.
Мэхт мэхэндээ гэдэг шиг тэд хэн хэнээ л ашиглах гэж элдвээр аяглажээ. Бусад оронд албан тушаалын хэрэгтэй тэмцэж байгаа байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн сайд дар га хэнбугай ч шууд огцордог бол манайд Их хурлын дарга агаадаа очиж гомдоллох маягаар асуудалд хандаж байх жишээтэй. Ц.Шинэбаяр гишүүн ажил үүргээ гүйцэтгэж байгаа тусгайгийн залуучууд руу бүр хоёр гараараа байн байн салаавч өгч байсан нь сахал үс нь ургасан аав хүнийг нь болъё гэхэд төрийн түшээ гэж томроод байдаг хүний хувьд жигшүүртэй үйлдэл байсныг хэвлэлийнхэн дуу дуугаа авалцан шүүмжилж байгаа нь зүйн хэрэг юм.
Дөрвөн гишүүн очиж дөвчигнөөгүй бол баривчлах ажиллагаа хэвийн л болох байсан. Тэд хууль зөрчиж бидний ажилд саад болоод зогсохгүй ноцолдож, бүр доромжилсон. Тиймээс Ёсзүйн хороонд өгнө гэж Авлигатай тэмцэх газраас мэдэгдээд байгаа. Хууль хяналтынхан ч өөрсдөө гайхшаа барж Энхбаярын урт гарыг гайхаж сууна. Түүнийг саатуулах шүүхийн шийдвэрийг тэр аль хэдийн мэдсэн байжээ.Тэгээд ТВ9-өө урьдчилаад байшингийн оройдоо зоочихсон байсан гэж байгаа.
Харамсалтай гэмээр зүйл, ааш араншин энэ үеэр их гарсандаа. Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэж ард түмэнд зарласан М.Энхсайхан шударга хүнийг хэлмэгдүүллээ гэж уйлан дуугарч байх юм. Н.Удвал энэ далимаар сонгуулийн шоу хийгээд авч байнаа. МАН, АН-ын амийг авъя. Бидний хувьсгал хийх хугацаа наашиллаа гэж байна. Ард түмнийг эмх замбараагүй байдалд уриалахыг хуулиар цээрлэдэг бус билүү. Яагаад энэ тухай хууль хяналтынхан таг байгаад байгаа юм бол. Бас л нэг өдөр олныг цочоож тоглох гээд байна уу.
АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр Н.Энхбаярт холбогдох долоон тэрбумын хэргийг шалгаж байгаа гэжээ. Энэ мэдээллээ олон нийтэд ил болгох л хэрэгтэй байсан. Төрийн тэргүүн байсан хүн ийм их мөнгө төгрөг идэж уусныг ард түмэнд хэлбэл өмгөөлөх нь бүү хэл өшигчих л байх шүү. Эртхэн илэн далангүй бодит байдлаа ард түмэндээ ойлгуулж байх ёстой биш үү хуулийнхаан??? Цочсоор байгаад энэ монголчуудын чинь зүрх нь дийлэхээ болих нь, та минь ээ.
Н.ЦЭНГЭЛ