“Монголын ирээдүйн хуульч” оюутны холбоо, “Legal Aid” хуулийн фирмийн залуу хуульчид хамтран улс төр, нийгмийн өнөөгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан нь хууль ёсны дагуу хийгдсэн ажиллагаа байсан бөгөөд үүнийг хэт дэвэргэн улс төржүүлж байгаа нь нийгэмд үймээн дэгдээх гэсэн зохион байгуулалттай үйлдэл хэмээн үзэж буйгаа дуулгалаа. Баривчлах үйл явц болон гэмт хэрэгт сэжиглэж буй нь хууль бус хэмээн үзэж байгаа бол зохих шатны байгууллагуудад хууль, ёсны дагуу хандаж өргөдөл гомдол гарган асуудлаа шийдүүлэх нь зүйтэй. Гэтэл хэн бүхний мэдэх энэ энгийн зарчмыг зарим хүн үл ойшоон нийгмийг хамарсан үймээн, шуугиан дэгдээж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нь зохисгүй үйлдэл хэмээн үзэж буйгаа “Монголын ирээдүйн хуульч” оюутны холбооныхон мэдэгдсэн юм.
Гаднын улс орнуудад ч төрийн тэргүүн байхдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон, албан тушаалаас буусан хойноо шалгагдсан тохиолдол цөөнгүй байдаг бөгөөд тэр бүрт нийгмийн хамарсан үймээн дэгдээгээд байдаггүй хэмээн БНАСУ-ын Ро Мүү Хюн болон 2000-2008 онд Тайваны төрийн тэргүүн байсан Чэн Шуйбян нарын хэргийн талаар жишээ татан дурьдсан юм.
Б.МАНДУХАЙ