Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс өчигдөр мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг энэ сарын 12- нд албадан саатуулах үеэр гэрт нь байсан УИХ-ын дөрвөн гишүүн “Цагдаагийнхны хууль бусаар хүч түрэн орж, хүний эрх чөлөөнд халдлаа” гэж мэдэгдээд байгаа билээ.
Баривчлах ажиллагаанд оролцсон хууль хяналтын байгууллагынхан Ц.Шинэбаяр гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах саналаа прокурорын газарт хүргүүлж буйгаа энэ үеэр дуулгав. Яагаад ийм санал гаргаж буйг Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Ц.Азбаяраас тодруулахад “УИХ-ын гишүүн хуулийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнуудыг эсэргүүцэн, салаавч гарган ёс зүйгүй аашилсан.
Хуулиа сайн мэдэж, биелүүлж байх ёстой төрийн түшээ ийн авирласан учир эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах саналаа прокурорт гаргахаар боллоо” гэв. Дашрамд дурдахад, Н.Энхбаярыг 24 цагийн дотор суллах шаардлага гаргасныг АТГ-ынхан биелүүлэхгүй байгаа учир МАХН-ынхан тэмцлийн өөр хэлбэр сонгоно гэж мэдэгджээ.
Х.СҮРЭН