Сонгууль гэж олон юмыг өөрчилдөг, тэр дундаа хүнийг бүр танигдахааргүй болгочихдог шидтэй эд юм шиг байна. Хүн гээч ер нь хувирч өөрчлөгдөж байх учиртай амьтан л даа. Өнгө зүс, өндөр нам, өргөн зузаан зэрэг нүдэнд ил харагдах байдал нь төдийгүй далд байдаг үзэл бодол, эрдэм чадал нь ч мэдээж нэг янзаараа, нэг түвшинд байгаад байдаггүй. Энэ бол зүй ёсны юм. Үүнийг нь тухайн хүн хөгжиж боловсорч байна ч гэж ойлгож болно.
Гэтэл сүүлийн үед хүний дотоод хувирал бараг гаж шинж чанартай болж байх шиг. Эрдэм чадал нь нэмэгдээд байгаагаас энэ биш бололтой. Зарим хүний энэ дотоод хувирал өөрчлөлт нь сонгуулийн мөчлөгтэй давхцаад байх шиг санагддаг. Ихэнхдээ энэ дон сонгууль угтаж хөдлөөд байх мэт.
Одоо ч бүр архагшиж, эмгэг янзтай болсон байна. Түрүүчийн сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай гэнэт нүүрээ буруулж аюултай үед амийг нь аварсан АН-аасаа гарч Ард түмний нам гээчийг байгуулсан. Нийслэлийн төв талбай дээр нөмгөн нүцгэн шахам сууж байж 800 гаруй хүний гарын үсэг цуглуулж байж билээ. Эх барьж авсан намаа тун удалгүй эргэж ч харалгүй хаяад алга болсон. Энэ нь яах аргагүй сонгууль угтсан акц байв.
Харьцангуй тогтвортой гэгддэг МАХН (одоогийн МАН)-аас УИХ-ын гишүүн болсон Ц.Шинэбаяр энэ бүрэн эрхийн хугацаанд намаасаа анх түрүүн өрх тусгаарлав. Намтайгаа, намынхантайгаа үзэл бодол нь таарахгүй, санал зөрөлдөөд байх болсон юм байх. Нутгийнхнаас нь гадна намынхан дотор нь ч таних хүн цөөн, хөдөөгийн нэг уурхайн дарга байсан энэ нөхөр тэмцлийг оройлж, улмаар өөрийн гэсэн намтай болов. Одоо дангаараа сонгуульд оролцоно гэж байгаа. Саяхан болсон нэгэн дуулиант явдлын үеэр төрийн ажилтнуудын өмнөөс салаавч өгч бүр олны танил болов. Чансаа нь ч дээшлээд явчихав байна, янз нь.
Он гарахаас өмнө олон хүн ажлаа өгөв. Сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж тэр гэнэ. Хүмүүсийн санаа бодол сонгууль дөхөхөөр илт тогтворгүй болж, бүр үймж бужигнаад, учрыг нь олоход түвэгтэй болоод явчих юм. Салаавч гэдэг цээртэй юм хүртэл хүмүүсийн харилцаанд хүч түрээд ороод ирэх юм гээч. Хувирал өөрчлөлт нь хүнийг худлаа ч хэлүүлчихэж байна. МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг хүмүүс гайгүй мэднэ дээ. Фэнг-Шү гэгч юмаар анх олны өмнө гарч ирсэн байх. Дараа нь төр засгийн өндөр дээд албан тушаалтны зөвлөх гээд давхиж явсан. Сүүлдээ тэр хүнээсээ ч хөндийрсөн. Ер нь гялалзсан, хамрын нүхээр ч ороод гараад явчихаж мэдэх овсгоотой нэгэн шиг байдаг. Одоогийн албан тушаалаа авхаалжтай ашиглан “үйлдвэрчин ардын” өмгөөлөгчийн дүрд тун дажгүй тоглож яваа. Чухам энэ ажлаа л сайн хийхийг хичээнэ, тэр улс төр мөрд санаархахгүй гэж хэлсээр байгаад үйлдвэрчний байгууллагын тэргүүнээр дахин сонгогдсон. Гэтэл одоо ИЗНН-аас УИХ-ийн сонгуулийн Дархан-Уулын тойрогт нэрээ дэвшүүлэхээр зэхэж байгаа сураг дуулдав. Дархан-Уулд нэг бус удаа очсон ч сурагтай. С.Ганбаатар худалчдын нэг болсон аж.
Хувь хүний хувирал өөрчлөлт намд үсэрхийлэн нөлөөлж байна. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн цул нэгдэл болсон улс төрийн энэ байгууллага дотор жигүүр хэмээх удаа дараалан бий болж буй нь үүний илрэл. АН дотор “Шонхор”, “Хөх тэнгэр” гэсэн хоёр жигүүр цөөн хоногийн зайтай мэндлэв. Жигүүрийг нам эрүүл байгаагийн илрэл гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ үзэл бодлын хийгээд эрх ашгийн зөрүүгээрээ хүмүүс нам дотроо бичил хагарал бий болгож буй нь ялангуяа, албан тушаал хуваарилах гэх мэт юман дээр харагдаад байдаг юм. УИХ дахь МАН-ын гишүүд дунд ч зөрчил тэмцэл эхэллээ. Эдний хэсэг гишүүн нэгнээ сайдын суудлаас нь салгах ажлыг сэдэв. Тэд өөрсдийгөө жигүүр гэж албан ёсоор нэрлэхгүй байгаа ч МАН-ын бүлэг дэх нэг бүтэц болгохоор шийдээд байна. Жигүүр үүсгэх вирус идэвхэжсээр нэг нам хоёр хуваагдахыг бид үзэж байна.
Р.ЖАРГАЛАНТ