Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бутаны Вант Улсын Ерөнхий сайдын тусгай элч тус улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан Кинзан Доржи өчигдөр бараалхав. Бутаны Вант Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн талаар болон өөрийн улсын ардчилсан шинэчлэл, өөрчлөлтийн талаар тусгай элч Кинзан Доржи уулзалтын эхэнд дэлгэрэнгүй ярьж, хорь гаруй жилийн туршид ардчиллын үнэт зүйлээр замнаж буй Монгол Улсаас Бутаны дөрвөн жилийн ардчилал ихээхэн зүйлийг суралцах хүсэлтэй байгааг онцоллоо.
Ерөнхийлөгч “Монгол Улс нь Бутан тай соёл, шашны хувьд ижил төстэй уламж лалтай бөгөөд тус улс ардчилсан тогтолцоог эргэлт буцалтгүй сонгон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн чөлөөт нийгмийг төлөвшүүлэхээр зорьж буйд тань талархаж байна” гэлээ. Тэрээр нэмж хэлэхдээ “Бид ардчиллыг сонгоод 22 жил болж байна. Бидэнд бусдад заах, сургах гэхээсээ илүүтэй өөрийн туршлагыг бусадтай хуваалцах, харилцан суралцах хамтран хөгжих эрмэлзэл байдаг” гэв. Өнгөрсөн 2011 онд тэмдэглэсэн дипломат албаны 100 жилийн ойг угтуулан Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын гишүүн бөгөөд Монгол Улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох ажлыг саначилсан билээ.
Энэ санаачилгын дагуу геополитик, газар зүйн байрлал болон шашны хувьд Монгол Улстай ижил төстэй Бутан улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх чиглэл Гадаад харилцааны сайдад өгсөн юм. Гадаад харилцааны яам энэ чиглэлийн дагуу ажилласны үр дүнд Монгол Улс Бутаны Вант Улстай 2012 оны нэг дүгээр сарын 18-нд дипломат харилцаа тогтоогоод байгаа юм.