Ийм шинэ зарчим улстөрчдөд “үйлчлэх” болов. МАХН-ын даргыг баривчлахаар 300 гаруй цагдаа шөнөжин ажиллаж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ тухай маргааш өглөө нь мэдсэн гэдгээ Бүлгийн гишүүддээ “хариуцлагатайгаар” мэдэгдсэн юм.
Ингээд нойроо харамлаж, нам унтсаныхаа төлөө тэр өнөөдөр сайдын суудлаасаа огцорч мэдэхээр нөхцөлд ороод байна. Байнгын хороогоор энэ асуудлыг ярих үед АН-ын С.Эрдэнэ “Тэр үйл явдлыг үзсэн монголчууд шөнө унтаагүй” гэжээ. Хажуугаас нь З.Энхболд “Нэг хүн унтсан шүү дээ” хэмээн санууллаа. С.Эрдэнэ “Аан тийм, Хууль зүй, дотоод хэргийн сайд л ганцаархнаа унтсан юм байна” хэмээн гишүүдийг хөгжөөв.
300 гаруй цагдаа нь ажиллаж байгааг “мэдэлгүй”, хариуцлага алдсан сайдыг огцруулах тухай тогтоолыг МАН-ынх нь есөн гишүүн УИХ-д өргөн барьсан. “Тэр шөнө унтаагүйсэн бол” гэсэн харуусал эрхэм сайдад төрж л байгаа байх даа.