Ц.Шаравдорж
-УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний халдашүй байдалд халдсан эсэх тухай асуудлыг хэлэлцэх үеэр тэднийг халдашгүй бүрэн эрхээ харин ч бусдад ашиглуулсан гэх тайлбарыг зарим гишүүн хэлж байсан. Энэ тайлбар үндэслэлтэй юү?
-Бүрэн эрхээ ашиглуулах тухай хууль зүйн ойлголт байхгүй. Энэ бол их бүдүүлэг юм ярьж байна. УИХ-ын гишүүн нь Монгол Улсын иргэний хувьд Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлнэ. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа ямар ч албан газарт нэвтрэн орох эрхтэй. Ер нь бол УИХ-ын гишүүн хаана ч очиж, хэнтэй ч уулзах эрхтэй. Тиймээс хэн нэгэн этгээдтэй хамт байсан гэдгээр нь түүнийг буруутгах үндэс байхгүй.
“Зууны мэдээ” 2012 оны дөрөвдүгээр сарын 20. Баасан
Р.Раш
-Хувьсгалт намтайгаа гар барьчихаж болдоггүй юм уу гээд Намын бүлгийнхээ хурал дээр би анх хэлчихсэн удаатай. Хамгийн гол нь сонгууль ойртож байгаа цаг үед Ардын намд өгөх саналаас ямар нэг хэмжээгээр зулгаачих вий гэсэн болгоомжлолоор ийн хэлсэн болохоос биш хуучнаа санагалзаад байгаа хэрэг биш. Фракц байгуулах тухай яриад байгаа хүмүүсийг намаас тойрог өгөх нь үү, үгүй юү гэж хараад яваа гэж бодохгүй байна. Ер нь би төмөр замд өдрийн диспетчер хийгээд яваад байж чадах хүн шүү.
“Өдрийн шуудан”. 2012 оны дөрөвдүгээр сарын 16. Даваа
Д.Сандаг-Очир
...Нэг зүйлийг хэлэхэд, төрийн дэмжлэггүй, хүчгүй цагдаатай улс орны төр, түмэнд аюул занал нүүрлэх магадлал өндөр байдаг. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газраас зохих хуулийн дагуу гаргасан Н.Энхбаярыг албадан ирүүлэх шийдвэрийг хэрэгжүүлсэн нь буруутай гэж үзвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж биш Цагдаагийн ерөнхий газрын дарга миний бие огцроход бэлэн байна.
“Үндэсний шуудан”. 2012 оны дөрөвдүгээр сарын 18. Лхагва
А.Мөнгөнсүх
...Урлагийн мөн чанарт тулгуурласан маркетинг байх ёстой атал маркетинг дээр суурилсан урлаг болчихоор үлдэх бие алга. Эхлээд маркетингийг нь боловсруулчихаар хэн сэргэлэн нь түүн дээр тоглоод байдаг. Тэгэхлээр манай урлаг өнөөдөр алиа салбадай шиг болчихсон. Гэхдээ би үүнд уртын дууг оруулаагүй шүү. Уртын дуу бол агуу.
“Өнөөдөр”. 2012 оны дөрөвдүгээр сарын 19. Пүрэв
Б.Батхуяг (Генерал Ч.Амарболдын өмгөөлөгч)
-Одоо бид тэднийг өмгөөлөх эрхгүй болчихож байгаа юм. Өмгөөлөх байгууллагаас томилсон өмгөөлөгчөөс шүүгдэгч татгалзаж байгаа учраас эрх зүйн туслалцаа үзүүлэх эрхгүй болчихлоо. Шүүгдэгч өөрийнхөө эрхийн дагуу “Энэ хүнээр өмгөөлүүлэхгүй” гээд байхад бид хууль зөрчиж “өмгөөлнө өө” гээд байж болохгүй.
“Өдрийн сонин”. 2012 оны дөрөвдүгээр сарын 20. Баасан
Л.Эрдэнэтуул
-С.Зоригийн гэрт орхиод явсан Э.Бат-Үүлийн малгай түүнийг ирэхээс өмнө олдсон уу, хойно нь олдсон уу гэдэгт хариулт байдаггүй. Хэргийн газарт байсан Сүхбаатар дүүргийн цагдаа Туул “Би нэг зүйлд их зэвүүцсэн. Юу гэхээр С.Зоригийн цогцос дээгүүр бахархал баясгалантайгаар алхаж орсон хоёр хүн байдаг. Тэр нь Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр шүү” гэж хожим нь хэлсэн байдаг. Журмын нөхөд гэж бархирах атлаа халуун цогцос дээгүүр нь алхчихаад шударга ёс, эрх чөлөө гэж донгосох хэрэггүй.
“Зууны мэдээ”. 2012 оны дөрөвдүгээр сарын 20. Баасан
Х.Болорболд
Хэвлэл, мэдээллийг нь эрх чөлөөтэй болгох нэрийн дор ард түмнийг өмчнөөс нь салгахын зэрэгцээ төрийн хараа хяналтаас бүрэн гаргадаг. Энэ нь дотоод мэдээллийн хэрэгслүүдийг ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө, үндэстний төрийнхөө бодлого, эрх ашгийн төлөө бус харин хувийн эздийнхээ, нам, бүлэглэлүүд мөн гадаадын элдэв хүчнүүдийн эрх ашигт үйлчилдэг болгодог. Одоо манай хүмүүст хүрч байгаа мэдээллийн ихэнх нь хүчтэй далд цензуртэй байгааг анхаарах хэрэгтэй. (Татварын ерөнхий газраас зохион байгуулсан “Далд эдийн засагтай тэмцэх нь” сэдэвт зөвлөлгөөнд тавьсан илтгэлийн нь хураангуйгаас)
“МОНЦАМЭ мэдээ” 2012 оны дөрөвдүгээр сарын 20. Баасан
Д.Очирбат:
-”Сонгууль болоход 60 гаруйхан хоног үлдлээ. Нөгөө ухаалаг иргэний үнэмлэх нь хаа ч байгаа юм бүү мэд. Санал тоолох машинаа туршсан юм алга. Орон нутгийн сонгууль УИХынхтай хамт болох эсэх нь бас шийдэгдээгүй. Хоёр хууль нь зөрчилтэй. Орон нутгийн сонгуулийн тойрог, хэсгийн хороод байгуулагдаагүй. Ийм салан задгай байдлаар сонгууль явуулбал юу болох вэ. Энэ засаг, улстөрчдийг ойлгохгүй байна.
“Үндэсний мэдээ” 2012 оны дөрөвдүгээр сарын 20. Баасан
Т.Бадамжунай:
-Өнгөрсөн өвөл малын хорогдол харьцангуй бага байсан. Одоо нийт хээлтэгчийн 70 орчим хувь нь төллөөд гарсан төлийн 99.2 хувь нь мэнд сайхан бойжиж байна. Ер нь 15 саяас доошгүй төл хүлээн авч Монгол Улсын малын тоо 50 саяд хүрнэ гэсэн сайхан мэдээг сонсгохоор хичээн ажиллаж байна даа.
“Монголын үнэн”. Дөрөвдүгээр сарын 20. Баасан