Манай улс Үндсэн хуулиндаа “Мал бол үндэсний баялаг. Төрийн хамгаалтад байна” хэмээн заасан байдаг ч энэ хууль амьдрал дээр хэрэгжиж чаддаггүй. Мал хувьчлалд шилжсэн тэр үеэс үүссэн нэг том асуудал бол малын хулгай. Цагдаагийн байгууллага энэ гэмт хэрэгтэй тэмцдэг хэдий ч хэргийн тоо жил бүр өсч байгаа учир малд элэгтэй хүмүүс нэгдэн “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулжээ.
Төрийн соёрхолт яруу найрагч Зундуйн Дорж тэргүүнээр нь ажилладаг тус нийгэмлэг энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. “Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян. Монгол баян” гэдэг уриатай энэ байгууллага өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагыг дэмжин, малын хулгайн гэмт хэргийн эсрэг тэмцэх ажилд хувь нэмрээ оруулах, энэ асуудалд ард иргэд, төр засгийн анхаарлыг хандуулах зорилготой олон ажил хийж ирсэн байна.
Ойн хүрээн энэ жил аймаг, сум бүрт нийгэмлэгийнхээ салбарыг байгуулж, малын хулгайн гэмт хэрэгтэй орон даяар сүлжээний зохион байгуулалттайгаар тэмцэхээр төлөвлөөд байгаагаа мэдээлсэн. Үүнээс гадна сүүлийн үед малчдын тоо буурч, мал маллах хүсэл эрмэлзэлтэй хүн цөөн болсонтой холбогдуулан олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах, төр засагт залуу малчдыг бодлоготойгоор бэлтгэх, урамшуулах ажил хийхийг уриалж буйгаа дуулгасан юм.
Мөн ирэх сарын 12-нд тус нийгэмлэгийн ойн хүрээнд Монгол бөхийн өргөөнд үндсэний бөхийн барилдаан болно.
Б.МАНДУХАЙ