ЗУРГААДУГААР САРЫН 28-НД САНАЛ ХУРААХЫГ АН-ЫН БҮЛЭГ ДЭМЖИВ
УИХ дахь намын бүлгүүд өчигдөр хуралдах хуваарьтай ч хэлэлцэх асуудлуудаа бүрэн шийдэж чадсангүй. Үдээс өмнө АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын ээлжит сонгуулийн санал санал хураалтыг энэ оны зургаадугаар сарын 28-нд явуулах тухай СЕХ-ноос танилцуулсан төслийг дэмжсэн ч УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулах эсэх талаар хэсэг маргаж байгаад шийдэлд хүрээгүй аж. Энэ асуудал тодорхойгүй байгаа учраас сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг түр хойшлуулаад байна. МАН-ын бүлгийн байр суурийг харзная гээд өнөөдрийг хүртэл бүлгийн хуралдааныг завсарлуулжээ. Цахим үнэмлэх олгох ажлыг саатуулсных нь төлөө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой хариуцлага тооцох ёстой гэдгийг ч АН-ын зарим гишүүн хэлсэн байна. Гэсэн ч санал хурааж, албан ёсны шийдвэр гаргасангүй.
ХЗБХ-НЫ ХУРАЛДААНЫ ИРЦ БҮРДСЭНГҮЙ
МАН-ын бүлэг хуваарьт 10.00 цагтаа хуралдсангүй. Хууль зүйн байнгын хороо 14.00 цагаас хуралдаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэх тухай асуудал хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй, МАН-ын бүлэг 15.00 цагаас хуралдах болсон шалтгаанаар хойшлов. Товлосон цагт Байнгын хорооны дарга Д.Одбаяраас өөр хүн ирээгүй юм. ХЗБХ 19 гишүүнтэй ч өчигдрийн хуралдаанд 17 гишүүн суух боломжтой байжээ. Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар гадаадад байгаа аж. Тэд өнөөдөр ирэх юм билээ. Тус Байнгын хорооны гишүүдийн 11 нь МАН-ынх бөгөөд Ц.Нямдоржийг огцруулах тогтоолын төслийг санаачлагч Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Д.Балдан-Очир, Ц.Цэнгэл, Р.Раш, Д.Загджав, Ц.Шинэбаяр нарын хэн нь ч ХЗБХ-нд гишүүнчлэлгүй юм байна.
Зарим хэвлэлд бичсэнээр өөрийг нь огцруулахгүй байх асуудлаар сайд Ц.Нямдорж хоёр бүлгийн гишүүдтэй тохиролцож чадсан гэх мэдээлэл бий. ХЗБХ-нд АН-ын найман гишүүн байдаг ч тэдний хэн нь ч тодорхойгүй шалтгаанаар өчигдөр ирээгүй. Тэдэнд хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаан байгаагүй гэдгийг Тамгын газраас өдөр бүр гаргадаг мэдээнээс харж болох байв. Эндээс дүгнэвэл “хатуу самраар оролдох” зориг хоёр бүлгийн гишүүдэд байхгүй, АН-ынхантай тохиролцсон гэсэн мэдээлэл бий. АН-ын дарга Н.Алтанхуягаас энэ тухай тодруулахад, эрс үгүйсгэв. ХЗБХ-ны гишүүдийг өнөөдөр цагтаа цуглахыг Д.Одбаяр хүслээ.
УИХ, НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙГ ЗЭРЭГ ЯВУУЛАХЫГ МАН ДЭМЖЛЭЭ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 15 цаг нэлээд өнгөрөөж байж эхлэв. МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ц.Сүхбаатар, Улаанбаатар хотын МАН-ын хороог төлөөлж Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар хуралд оролцлоо. УИХ болон Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулах эсэх асуудлаар Улаанбаатар хотын намын хорооны санаа бодлыг Удирдах зөвл өлийн гишүүд сонссон байна. Эхлээд Г.Мөнхбаяр, Ц.Цогзолмаа нар боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн ч улс төрд үүсээд байгаа мухардлаас гарахын тулд хамтад нь явуулъя гэсэн Удирдах зөвлөлийн бодлогыг хүлээн зөвшөөрөхөд хүрчээ.
Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг энэ удаад хэлэлцээгүй гэсэн. Удирдах зөвлөл, хотын намын хорооны удирдлагын хамтарсан хурал 17.30 цагийн орчим өндөрлөж, 18 цаг өнгөрөөгөөд МАН-ын бүлгийн хуралдааныг зарлаад байв. Түүгээр УИХ, Нийслэлийн ИТХын сонгуулийг хамтад нь явуулах эсэх, Ц.Нямдоржийг огцруулах эсэх асуудлаар санал хураахаар болсон тухай эх сурвалж хэлсэн. Гэсэн ч ХЗДХийн сайдтай холбоотой асуудлыг хэлэлцсэнгүй. УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулах саналыг Бүлгийн гишүүдийн олонх дэмжжээ. ХЗДХ-ийн сайд эргэж ирээгүй л бол Бүлгийнхээ хуралд оролцоогүй байх. Тэрбээр 18 цагийн үед Төрийн ордны гаднаас УБҮ 00-08 улсын дугаартай хар жийпэнд сууж яам руугаа явж одлоо.
ХЗБХ ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА
МАН-ын бүлгийн хуралдаан эхлэхийн өмнө ХЗБХ-ны дарга Д.Одбаяраас сурвалжлагчид зарим зүйл тодруулсан юм.
-ХЗДХ-ийн сайдыг огцруулах асуудлыг Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа юм биш үү?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр УИХ-ын даргын зөвлөл хуралдаад өнөөдөр (өчигдөр) асуудлыг хэлэлцэхийг үүрэг болгосон ч ирц бүрдсэнгүй. Намуудын бүлэг улс төрийн шийдэл гаргах ёстой гэж үзсэн.
-Маргааш (өнөөдөр) хуралдах уу?
-Намуудын бүлгээс шалтгаална. УИХ 14 хоногийн дотор асуудлыг шийдэх ёстой. Энэ хугацаандаа амжих байх.
Э.ТӨР