УИХ дахь МАН-ын бүлгийн уржигдрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ахлагч Ө.Энхтүвшин өчигдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт хийж, бусдыг нь намар зохион байгуулъя гэсэн хамтарсан Ажлын хэсгийг саналыг тэд Удирдах зөвлөлдөө танилцуулжээ. Энэ талаар тэрбээр “Сонгуулийг энэ пүрэв, баасан гаригт амжин товлохгүй бол хугацаагүй боллоо. Тиймээс сонгууль цаг хугацаандаа, будлиангүй болж, үр дүнг нь олон нийт хүлээн зөвшөөрөөсэй гэдэг үүднээс МАН буулт хийсэн.
Мөн цөөнхийн бүлгийн завсарлага авах хугацаанд хязгаар тавьж, УИХ-д олонхоороо шийдвэрээ гаргах боломж олгох нь зөв гэж үзсэн. Энэ хоёр асуудлаар Удирдах зөвлөл дээр санал хурааж дэмжлээ. АН-ын бүлэг уг саналыг дэмжинэ гэж найдаж байна. Ингээд талууд зөвшилцөж чадвал Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийг УИХ-ын сонгуулийн хуультай нийцүүлэн өөрчлөөд батлах боломжтой” гэлээ. Цөөнхийн бүлгийн авдаг завсарлагыг хэрхэн хязгаарлах талаар тодорхой санал хэлсэнгүй.
-Өмнө нь МАН хоёр сонгуулийг зэрэг явуулбал орон нутгийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусаж, Үндсэн хууль зөрчинө гэж байсан. Одоо нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт хийхээр Үндсэн хууль зөрчих юм биш үү?
-Энэ асуудлаар Цэцэд гаргасан гомдол алга, Цэцээс ч ямар нэг дүгнэлт гаргаагүй. “Хууль зөрчинө” гээд яваад байвал сонгууль хугацаандаа болж чадахгүйд хүрнэ. Тиймээс бид буулт хийсэн.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах талаар Удирдах зөвлөлөөр ярьсан уу?
-Яриагүй. Ганц сайдын асуудлаас сонгууль илүү чухал гэж үзэж байна.
С.УУЛ