Бид өөхөн тосноос татгалзаж, ургамлын тосыг хоол хүнсэндээ өдөр тутам хэрэглэх болсон. Тослог үртэй ургамлаас энэ төрлийн тосыг ялган авдаг. Ургамлын тос нь биологийн идэвхт чанартай тосны хүчил, аминдэмийн эх үүсвэр юм. Тиймээс ургамлын тос нь ходоодны шархлаа, үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй гэдэг. Мөн А, Д, Е аминдэмийн эх үүсвэр болдог байна. Ургамлын тосыг үйлдвэрлэлийн аргаар тунгалагжуулж, амт үнэргүй болгодог. Тосыг цэвэршүүлэх явцад хүний биед эерэг нөлөөтэй зарим бодис нь алдагддаг. Иймээс ногооны зууш бэлтгэхдээ цэвэршүүлээгүй тос хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Харин хүнсийг шарж бэлтгэхэд цэвэршүүлсэн тос ашиглах нь зохистой. Тиймээс тосны савлагаан дээрээс цэвэршүүлсэн эсэх тухай мэдээллийг харахыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал Х.Гиймаа зөвлөв.