“Цагдаагийн ар гэрийн холбоо”-ны тэргүүн Ж.Алтангэрэл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр долоодугаар сарын 1-ний хэрэгт яллагдагчаар татагдсан цагдаагийн дарга нарын хэргийг шийдэх явцад гарч буй хууль бус үйлдлийн талаар УИХ, Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэм буруутай нь нотлогдоогүй тохиолдолд цагдан хорихыг хуулиар хориглосон, мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр, иргэн хэн боловч шүүхийн ажилд хөндлөнгөөс оролцохгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаагаа тэр илэрхийлэв. Тус холбооноос Ерөнхийлөгч болон холбогдох албаны хүмүүст удаа дараа өргөдөл өгсөн боловч хэн нь ч хариу өгөөгүй аж. “Энэ сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдтэй уулзсан. Энэ үеэр долоодугаар сарын 1-ний хэрэгт яллагчаар татагдсан цагдаагийн ажилтнууд шүүх хурлыг хойшлуулсан гэж мэдэгдлээ. Үнэндээ яллагдагчдыг өмгөөлүүлэх эрхээр нь хангахгүй байгаа учир шүүх хурал удаа дараа хойшилсон. Цагдан хоригдож буй дөрвөн хүний эрүүл мэнд дордож байгааг хууль хяналтын байгууллага ойшоохгүй байгаа учир Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана” гэж Ж.Алтангэрэл ярилаа.
О.БАТ-УНДРАХ