УИХ-ын чуулганы хуралдаанаар НИТХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг ярьж байв. Эрхэм гишүүн санал хэлэхээр эрх авангуутаа тэс хөндлөн, газрын маргааны талаар хөнддөг юм байна. Улаанбаатар хотын мээр асан Ц.Батбаяр “Одоо газар олгохгүй байгаа” хэмээн эсэргүүцсэнээр Л.Гүндалайн “галыг асааж” орхив. Тэрбээр “Оны өмнөхөн нийтийн эзэмшлийн газраас өгсөн байна. Надад баримт нь бий. Гэтэл хотын хуучин мээр няцаагаад байх юм. Баримтыг нь үзүүлье, хоёулаа мөрийцье. Би нийслэлийн Засаг даргатай ч энэ асуудлаар уулзсан. Иймэрхүү газрын наймаа нууцаар болдог. Сайд, дарга нар ажлаа өгөхдөө баахан газар “тараачихдаг” биз дээ” гэх мэтээр бухимдав. Ярьж байхад нь Ц.Батбаяр ирээд микрофоныг нь унтраачихлаа. Тэгээд “Ярих хугацаа чинь дууссан шүү дээ” хэмээн гүрийв. Дэггүй гишүүн ч заргалдаад сүйд. УИХ-ын дарга “За за, Гүндалай үгээ дуусгачих” гээд хугацааг нь сунгаж өгсөн юм. Удалгүй тэрбээр чуулганы танхимаас гарч яваад факсаар авсан баримтаа барьсаар эргэж ирэв. Тэгээд “Улаанбаатар” их дэлгүүрийн баруун талд газар өгсөн байна. Тэнд нь хүүхдийн тоглоомын талбай байсан юм. Газрын зөвшөөрөл, кадастрын зургийг нь би аваад ирлээ” хэмээн Ц.Батбаярын амыг таглав. Мэр асан юу ч хэлж чадсангүй. Юугаар мөрийцөхөө шийдээгүй л байсан болохоос биш Л.Гүндалай ялах байв.