-Огцруулах тогтоол оруулсан есөн гишүүн уг Байнгын хороонд харьяалагддаггүй учир МАН олонхоороо сайдаа хамгаалав-
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг УИХ хуулийн хугацаанаас долоо хоног хэтрүүлэн байж өнгөрсөн баасан гаригт шөнө орой хэлэлцэв. Төрийн ордон үүр цайтал хөл хөдөлгөөнтэй байжээ. Энэ асуудлыг хуулийн хугацаа хэтрүүлэн хэлэлцсэнийхээ шалтгааныг МАН-ынхан “Ц.Нямдоржоос илүү чухал орон нутгийн сонгуулийн асуудал байна. Үүнийг эхлээд шийдэх ёстой” хэмээн тайлбарласан билээ. Баасан гаригт уг асуудлаа шийдсэний дараа сая Ц.Нямдоржийн асуудалд санаа тавьсан байна.
Сандал, суудал “хөдөлгөх” асуудлыг баасан гаригт, хэвлэл мэдээллийнхний анхаарал суларсан оройн цагаар хэлэлцдэг нь уламжлал болсон юм хойно. Юуны өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан байна. Улмаар УИХ дахь Бүлэг нь хуралдаж, Хууль зүйн байнгын хороо бямба гаригийн 02.00 цагт сая нэг цуглажээ. Байнгын хорооны хуралд АТГ, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газрын холбогдох албан тушаалтан, Ерөнхийлөгч асныг албадан ирүүлэх ажил лагаанд биеэр оролцсон зарим ажил тан оролцож, гишүүдийн асуултад ха риулсан. Ч.Улаан, Д.Тэрбишдагва тэр гүү тэй МАН-ын найм, дээрээс нь Ц.Шинэбаяр гишүүн нэмэгдээд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах шөнө цаг даагийн бие бүрэлдэхүүн олон хууль зөрчсөн хэмээн үзэж, хариуцлагыг салбарын сайд хүлээх ёстой гэж үзсэн юм.
Дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө унтаж байсан цор ганц хүн болсон эрхэм сайд харин болсон явдлыг мэдэж байснаа Байнгын хороон дээр илчлэв. Тэрбээр “Би Н.Энхбаярыг баривчлах ажиллагаа явуулах гэж байгааг мэдсээн. ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир тэр өдрийн 21 цаг 30 минутын үед надад энэ тухай утсаар мэдэгдсэн. Би “Байцаан шийтгэх үйл ажиллагаа болох учраас та нар тус тусынхаа чиглэлээр үүргээ гүйцэтгэ. Харин хүний эрүүл мэндийг хохироож, эмх замбараагүй байдал үүсгэж болохгүй шүү” гэж сануулаад утсаа салгасан. Тэгээд маргааш нь 06.30 цагийн үед асуухад “Ажиллагаа дуусаад Төв аймаг руу замд гарч байна. Ямар нэгэн хүн гэмтээгүй, эмх замбараагүй байдал гараагүй” гэсэн мэдээлэл надад өгсөн. Би үүнийг ярихдаа “унтаж босоод” гэсэн үг хэлсэн юм. Түүнийг дангаар нь тасалж аваад унтаж байсан болгоод байгаа хэрэг” хэмээн тайлбарлав. Бас “Төрийн тусгай хамгаалалтын газар, шүүх, прокурорын байгууллагууд надад шууд захирагддаггүй.
Салбарын сайдын албан тушаал хашиж байгаа хүн баривчлах үйл ажиллагаанд оролцдоггүй. Гишүүдийн холбогдуулж яриад байгаа сэжигтнийг баривчлах үйл ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд болсон. Энэ хуулийн эх нь Эрүүгийн хууль. Эх хуулийг хэрэгжүүлдэг технологийн хууль болох ЭБШХ-д эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субъектүүдийг зааж өгсөн байдаг. Уг ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, өөр хэн нэгэн сайд оролцох ямар ч эрхгүй. АТГ-ын явуулсан тэрхүү ажиллагаа ЭБШХ-ийн 68 дугаар зүйл заалтын дагуу болсон. АТГ албадан ирүүлэх саналаа прокурорт гаргаснаар шүүхийн захирамж гаргаж хийсэн ажил.
Сүүлд нь гэрээс нь аваачсан ажиллагаа бол ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлийн дагуу хийсэн. Түүнд “Байцаалтад ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргаж, цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн байдаг. Тэгэхээр би энэ ажиллагаанд оролцох ямар ч бололцоогүй. Хэрэв би ямар нэгэн хэлбэрээр энэ хэрэгт оролцоод эхэлсэн бол харин жинхэнэ хууль зөрчсөн үйлдэл болно” гэсэн юм. Гишүүд хуулийн байгууллагынхнаас ч болсон явдалд хариулт авсан. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Б.Батзориг “Надад Н.Энхбаяр гуайг албадан саатуулах гэж буй тухай Цоодолсэнгээ хурандаа хэлсэн. Шүүхийн шийдвэрийг нь асуухад “Одоо шүүхээс гаргуулахаар явсан” гэсэн. Шүүхийн шийдвэргүйгээр ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг би анхааруулсан. Удалгүй Н.Энхбаяр даргын хамгаалагч залгаад ямар нэг шийдвэр, бичиггүй хүмүүс даргыг баривчлах гээд байна гэж хэлсэн. Үүнээс хоёр минутын дараа Н.Энхбаяр өөрөө залгасан. Тусгай хамгаалалтад байгаа хүнд баривчлах, саатуулах тухай бичгээ урьдчилан танилцуулах ёстой. Тийм зүйл байгаагүй учраас би нэмэлт хүч авч очсон юм” гэлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Тусгай хамгаалалт бол тухайн хүний амь насыг гэмт халдлагаас хамгаалдаг. Гэмт хэрэгт холбогдсон үед хамгаалах шалтгаан биш” гэсэн тайлбараа давтав. Хуулийнхан ийнхүү УИХ-ын гишүүдэд “байцаагдсан”. Ингээд санал хураахад Байнгын хорооны 17 гишүүнээс АН-ын долоон гишүүн огцруулахыг дэмжиж, бусад нь “огцруулах шаардлагагүй” гэж үзсэн байна. Сайдыг огцруулах асуудал тавьсан найман гишүүнээс хэн нь ч Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаггүй аж. Тиймээс тэд санал хураалтад оролцох эрхгүй юм. Тус Байнгын хороонд МАН олонх учир ийнхүү сайдаа авч гарчээ. Улмаар УИХ-ын түүхэнд бараг анх удаа үүрийн 04.00 цагт чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан юм.
Байнгын хороон дээр аз таарсан ч УИХ дээр байдал бишдэх боломжтой. Учир нь Ц.Нямдоржийг огцруулахгүй гэж товчлуур дарах 32 гишүүн л МАН-д бий. Харин огцруулах асуудал өргөн барьсан тэдний найман гишүүн, дээрээс нь АН-ын 28 хүн, Ц.Шинэбаяр нийлэхээр 39 буюу олонх болчихож буй юм. Үүр шөнөөр хэдий ч нэгдсэн хуралдааны ирц сайн байлаа. Яг энэ ирцээр санал хураавал юу болох нь эргэлзээтэй байсан. Гэхдээ АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Хууль зүйн байнгын хорооны дарга 02.00 цаг хүртэл хүлээлгэж байж хуралдсаныхаа төлөө АН-ын бүлгээс биш юм гэхэд гишүүдээсээ уучлалт гуйх ёстой. Одоо энэ асуудлыг үүрийн 04.00 цагт хэлэлцэх гээд сууж байна. Дараа нь Ц.Нямдоржийн асуудлыг УИХ үүр шөнөөр хэлэлцлээ гээд бөөн асуудал үүснэ. Тиймээс манай Бүлэг энэ асуудлын хэлэлцүүлгээс завсарлага авч байна. Ирэх долоо хоног хүртэл хойшлуулъя” гэлээ. МАН-ын Э.Мөнх-Очир “Та нар шөнөжин хуралдаад асуудлаа шийдье гээд байсан биз дээ” гэв. АН-ын бүлгийнхэн даргынхаа мэдэгдлийн дараа шууд чуулганы танхимыг орхисон. Ч.Сайханбилэг замдаа “Оройжин хуралдъя гэсэн болохоос шөнөжин гээгүй шүү” гэсээр гарч одов. УИХ-ын дарга, МАН-ын гишүүд танхимд үлдэхэд спикер “Дөрөвдүгээр сарын 12-ны шөнө бүгдээрээ унталгүй телевиз харсан. Одоо тэгээд энэ асуудлыг нэг шөнө суугаад шийдчихэд болохгүй юмгүй л дээ” гэсэн хэдий ч АНын бүлэг завсарлага авсан учир чуулганы хуралдааныг дуусгав.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭРС
Гишүүдийн нэр Санал өгсөн байдал
Д.Одбаяр - Дарга
Б.Бат-Эрдэнэ
Э.Бат-Үүл дэмжсэн
Х.Баттулга дэмжсэн
С.Баяр
С.Баярцогт дэмжсэн
Р.Гончигдорж дэмжсэн
Д.Дэмбэрэл
Д.Лүндээжанцан
Ц.Мөнх-Оргил
Э.Мөнх-Очир
Ц.Нямдорж
Х.Жекей
Д.Оюунхорол
Ч.Сайханбилэг дэмжсэн
Ж.Сүхбаатар
Х.Тэмүүжин дэмжсэн
Б.Чойжилсүрэн
Ж.Энхбаяр
З.Энхболд дэмжсэн
С.ТУУЛ