-Гагнасан гинжийг таслагтун! -Хэнээр? -Н.Энхбаяраар... “Авлига гэдэг нь эрх бүхий этгээд хээл хахууль авах, хувьдаа материаллаг болон бусад ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын байдал, боломжоо хууль бусаар, эсвэл ёс зүйгээс гадуур ашиглах, ийнхүү ашиглуулахаар түүнд шан харамж, хөнгөлөлт, давуу талыг хувь хүн болон хуулийн этгээдээс олгох явдлыг хэлнэ” гэсэн хуулийн тайлбар байдаг. Энэхүү томъёолол дахь “эрх бүхий этгээд” гэдэгт ихэвчлэн төрийн албан тушаалтан, тэр дундаа улс төрийн элит хүрээллийнхэн багтдаг нь дэлхийн туршлагаар нотлогдсон зүй тогтол юм. Н.Энхбаяр Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан он жилүүдийг “Н.Энхбаярын хаанчлалын үе” хэмээдэг. Тэр “хаан” байсан учраас түүнд үйлчилдэг “албатууд”, “шадрууд”, “зарц нарын” арми 10 гаруй жил оршин тогтножээ гэсэн үг. Н.Энхбаярыг “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг. Тэр “эцэг” юм бол түүнд “хүүхдүүд”, эсвэл “өв залгамжлагчид” байсан, эсвэл байгаа гэсэн үг.
БАРЛАГГҮЙ ХААН ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ
Хаан хүн ерөөсөө ангид төрдөг аж. Ширээтэй үедээ ч нийгмийнхээ дагаж мөрддөг хуулиас дээгүүр амьдарч, ширээнээсээ буугаад яллагдахдаа хүртэл тойрон хүрээлэгчдээсээ ганцаар буруутах гэж. Н.Энхбаяр одоо авлигын хэргийн улмаас нийгмээсээ, авлигын хэргүүдийг нь өөгшүүлэн дэмжсэн хамтрагчдаасаа тусгаар амьдарч байна. Яллагдагч бээр “авлигын хаан” байлаа ч гагцхүү түүнд л хамаатай авлигын хэрэг гэж байх боломжтой юу? Н.Энхбаяр шиг “аймаар” хүн яаж ч мэдэх боловч, харин авлигын хэргийг цор ганцаараа үйлдэж дөнгөхгүй. Түүнийг албан тушаалын байдал, боломжоо удаа дараа хууль бусаар ашигласаар байхад нь түүнд хөнгөлөлт, давуу тал олгосон хуулийн этгээд заавал байж таарах гээд байгаа юм. Гэтэл Н.Энхбаяр тас харанхуй өрөөнд өөрийнхөө баруун гараас зүүн гартаа авлига дамжуулсныг нь ард түмэн сэм харчихаад шивэр авир гэлцсээр өдийг хүргэсэн мэт үнэмшилгүй өнцгөөс түүний гэм бурууг сөхөх болов. Авлигатай тэмцэх газар Н.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглах замаар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин, “ТВ 9” телевиз, “Зарубежстрой” компанийн байрыг хувьчилж авсан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа нийлүүлнэ гэж их хэмжээний валют залилсан гэж зарласан. Энд Монголын ард түмнийг арав шахам тэрбум төгрөгөөр хохироосон Н.Энхбаярын тухай л яриа яваад байгааг анхаарах хэрэгтэй. Бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Төрийн тэргүүн асан ард түмнээ ганц биш удаа залилсан учраас ноцтой. Гэвч түүнийг хууль бус үйлдэл бүрээ ганцаархнаа хэрэгжүүлж байсан гэвэл хэн итгэх юм?
Н.Энхбаярын холбогдсон авлигын хэргийн талаарх өдгөө ил дол болсон намтар бол Монголыг хэрсэн авлигын гинжнээс тасдаж гаргасан өчүүхэн хөвөрхий нь. Н.Энхбаяр дээр цухас дурдсанаас ч их хэмжээний хохирол учруулсан байхыг үгүйсгэхгүй. Үүнээс цааш хөвөрдөх нь АТГ улс төрөөс хараат бус, авлигаас ангид ажиллаж чадах эсэхээс шалтгаалах юм. АТГ одоогоор Н.Энхбаярын туслах Б.Тулга, хүү Э.Батшугар гээд хувийн харилцаатай хүмүүсийг нь л ээрэх төлөвтэй. Н.Энхбаяр өөрөө хэлсэн шүү дээ. “Хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж. Энэ нь түүний гэр бүл буруутай гэсэн логикийг тэртэй тэргүй дагуулж байна. Харин ажил хэргийн түншүүдээс нь гэвэл Гандантэгчинлин хийдийн тэргүүн хамба Б.Чойжамц гуайг л байцаав. 12 жилийн өмнө “ТВ 9” телевизийн техник хэрхэн Н.Энхбаярынх болсон талаар асуухаар гэрчийг нь дуудсан хэрэг. Хувраг “Мэдэх зүйлээ үнэнээр нь хэлнэ” гээд АТГ руу дэгдээд хүрч. “Зөөлөн чихтэй” хамбаас өөр авлигын хааны барлаг АТГ-т олдохгүй байгаа бололтой. Жишээ нь, “Өргөө” зочид буудлын хэрэг гэхэд тун саяхны, ердөө 2007 оны хувьчлал шүү дээ. Тухайн үед ажиллаж байсан НЗДТГ, НИТХ-ын удирдлагууд нэр устайгаа хүн болгоны цээжинд байж л байна. Тэднийг ямар шалтгаанаар шалгахгүй байгаа нь Н.Энхбаярыг сонгуулийн өмнө хугацаа шахамдуулж барьж хорьсон АТГ-ын үйлдэлд сэжиг нэмсээр.
Н.ЭНХБАЯРЫН ХЭРЭГ БОЛ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН БОДИТ БАЙДАЛ
Авлигын гинж байгаа. Түүнийг гол хэлхээ нь гэж Н.Энхбаярыг нийгмээс тусгаарлан хорьсон гэж найдъя. Хөвөрдөж, энэ гинжнээс ард түмнээ чөлөөлөх, улс төрийг бүхэлд нь цэвэрлэх байх гэж хүлээцгээе. Харин авлигын гинжийг улс төрийн шалтгаанаар зориуд тасдаж байгаа бол Монголд илүү хор хөнөөлтэй. Н.Энхбаярыг яллалаа, авлига ингээд байхгүй боллоо гэсэн ойлголтоор сонгуулийн шоу хийх санаархал улс төрийн томчуудад байхыг үгүйсгэхгүй. Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвших, эсэх асуудал сүүлийн үеийн “сон годог” асуулт болж байна. “Н.Энхбаярын гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдээгүй тохиолдолд хэн ч буруутгах үндэслэлгүй гэдгийг хуульд тодорхой заагаад өгсөн. Тиймээс түүний нэр дэвших эрхийг хаах, хориглох эрх зүйн үндэс байхгүй.
Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж өмгөөлөгчид нь мэдэгдэж байгаа нь яллагдагчийн өмг өөлөгч хэн ч байсан илэрхийлэх ёстой л байр суурь. Н.Энхбаярыг нэгэнт яллагдагчаар татсан, албадан саатуулах хугацааг нь хоёр сараар сунгаад байгаа тул тэрбээр зургаадугаар сарын 27 буюу санал хураах өдрийн өмнөх өдөр суллагдлаа гэхэд сонгуульд өрсөлдөх боломж нь хуулиар хаалттай. Монголын нийгэмд Н.Энхбаяр гэдэг хүн сонгуульд өрсөлдөх эсэх нь тийм ч чухал үйл явдал биш. Монголд угаасаа Н.Энхбаяр ганцаараа авлигач биш. Түүнийг хаан шиг явахад бараа сүүдэр нь болж далдаганагсад одоо газар доогуур ортол нь нулимж суугаа. Н.Энхбаяртай авлигын талаарх үзэл бодол, үйл ажиллагаа нэгтэй нөхөд, түүний өв залгамжлагчид улс төрд л байдаг. Яагаад гэвэл Н.Энхбаяр Монголын улс төрийн намуудын бааз суурийг бүрдүүлэх “бичигдээгүй хуулийг” зохиохдоо л буруу өрчихсөн лидер. Н.Энхбаяр шиг олон даргыг мөнгөөрөө угжиж, улс төрд хэлд, хөлд орсон хүмүүсийн бүхэл бүтэн үе одоо хэдийнэ өсөж өндийцгөөсөн.
Н.Энхбаярын уламжлалыг улс төрийн бүх нам хуулсан учраас Монголд авлигаас ангид арга замаар өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд боловсон хүчнээ бүрдүүлсэн хийгээд сонгуулийн амжилтад хүрсэн нам хүчин гэж байхгүй. Тиймээс сонгуулийн өмнө Н.Энхбаярт тохиолдсон энэ явдал бол зөвхөн тэр хүний асуудал биш юм. Энэ бол Монголын улс төрийн томоохон гэж нэрлэгддэг хоёр намд учирсан бодит байдал нь, хөвөрдөж хөөхгүйгээр өнгөрвөл ирээдүйгээ боомилох шидмэс нь гэж ойлгож болно.