Уржигдар болсон МАХН-ын Бага чуулган, МҮАН-ын Бүгд хурлаас сонгуульд “МАХН, МҮАН-ын гуравдагч хүчний эвсэл” нэрээр 2012 оны УИХ-ын оролцох шийдвэр гаргажээ. Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн алдааг гүнзгий шинжилсэний үндсэн дээр тун чамбай мөрийн хөтөлбөр боловсруулсан гэж МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хэлсэн бол “Бидэнд саналаа өгвөл Монголын ойрын ирээдүй гэрэлтэй сайхан байх болно. МАН, АН-ын аль нэг нь ялбал хүсэшгүй ирээдүй монголчуудыг угтана” гэж эвслийн нэг субъект, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг үзэж байна. МАХН-ын дарга, тус эвслийн удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Энхбаярыг баривчлан саатуулсан нь улс төрийн зоригийг нь мохоох гэсэн санаатай үйлдэл. Их юм мэдэж байсан С.Зоригийг Ерөнхий сайд болохынх нь өмнө хөнөөсөнтэй агаар нэгэн зүйл болж байна. Н.Энхбаярын амь нас, эрүүл мэнд ямар ч баталгаагүй боллоо гэж өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэд байр сууриа илэрхийлэв.
Н.Удвалын хэлснээр МАХН-ын байр болон Н.Энхбаяр, Н.Удвал, Л.Цог нарын гэр хаанахынх нь үл мэдэгдэх хүмүүсийн байнгын хараа хяналтад байгаа. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан гэнэ. Сонирхолтой нь “МАХН, МҮАН-ын гуравдагч хүчний эвсэл”-ийг хаана байхаасаа үл хамаарч Н.Энхбаяр удирдах юм байна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй хэн ч УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй. Намын жагсаалтыг Н.Энхбаяр дарга тэргүүлнэ. Заавал ил гарч ирээд удирдах албагүй. Бидэнд тодорхой харилцаа холбоо бий. Бүх зүйлээ тохиролцсон” гэж Л.Цог ярилаа. Н.Удвал, Н.Батцэрэг нарын хэлснээр гуравдагч хүчний нам гэж зөвхөн МАХН, МҮАН-ыг хэлэх аж. БНН, ИЗНН, бусад нам, иргэний хөдөлгөөнүүд тэдэнтэй түншилж л болох гэнэ.
Г.ЭНХ