УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Авто замын тухай болон Газар өмчлүүлэх тухай хуулийн талаар хэлэлцжээ. Иргэн бүрт газар нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хэрэгжилтийг 2013 оноос 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл сунгахаар төсөлд заасан аж. Мөн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн талаар “Сая төгрөгийг бэлнээр өгөх хүмүүсийн жагсаалтад ээж нарыг оруулчих. Үүний дараа шаардлагатай гэвэл одонтой ээжүүдийн асуудлыг ярина. Сонгуулийн өмнө нийгмийн халамж, мөнгөн амлалт бүхий хууль хэлэлцэхгүй байх нь зүйтэй” гэсэн байр суурьтай байгаа аж.
Мөн СЕХ-ны есөн гишүүний тавынх нь бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 28-нд дуусчээ. Тиймээс бүрэлдэхүүнийг нь яаралтай шинэчлэн батлах ёстой гэлээ. Тэдний хоёрыг УИХ, хоёрыг Дээд шүүх, үлдсэн нэг хүнийг Ерөнхийлөгчөөс санал болгох юм байна. Мөн тойрог, хэсгийн хороодод төрийн албан хаагчид ажиллахаар байгаа. Тиймээс Төрийн албан хаагчийн тухай хуульд өөрчлөлт оруулж, намаас бүрэн татгалздаг болгох зохицуулалт бүхий төсөл боловсруулахаар болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын асуудлыг хэзээ хэлэлцэх талаар асуухад АНын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Хуу лийн дагуу намууд мөрийн хөтөлбөрөө батална. Өнөөдөр манай ҮЗХ, маргааш МАН-ын бага хурал болох учир лхагва гаригаас энэ тухай ярих байх” гэлээ. Мөн “Иргэний үнэмлэхийг орлох алга дарам цаасаар санал өгүүлбэл сонгууль жинхэнэ будлиантай болно. Иймд тэр хүмүүст иргэний үнэмлэх олгох ажлыг УБЕГ нэн даруй хийх ёстой” гэв.
С.УУЛ