АН-ын ҮЗХ өчигдөр Төрийн ордонд хуралдаж, “Монгол хүн-2020” сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа. Мөн УИХ-ын болон НИТХ-д нэр дэвшүүлэх журмаа Сонгуулийн хуульд нийцүүлэн өөрчилсөн байна. Сонгуульд дангаар оролцохоо шийдэх, сонгуулийн бэлтгэлийг хангах Сонгуулийн хороо байгуулах асуудлыг шийдэхээр төлөвлөжээ.
“Монгол хүн-2020” хөтөлбөрийн талаар намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавих үед УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг хуралдааныг хаалттай хийх санал гаргасан юм. АН-ын удирдлагууд нээлттэй хийх сонирхолтой байсан ч “Сонгууль болохоос өмнө хамаг нууцаа дэлгэхгүй байх” хуулийн зохицуулалт байдаг аж. Ингээд хуралдаан хэвлэлийнхэнд хаалттай үргэлжилсэн.
М.ЗОРИГТ, А.БАКЕЙ НАРЫГ ҮЗХ-НЫ ГИШҮҮНЭР СОНГОЛОО
ҮЗХ-ны хуралдаан өчигдөр 20 цагийн үед өндөрлөлөө. 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх намын мөрийн хөтөлбөрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын сонгуульд аль нэг нам, улс төрийн хүчинтэй эвсэхгүй байх шийдвэр гаргалаа. Хуралдаанаар УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахаар төлөвлөж байсан ч ҮЗХ-ны гишүүд хэлэлцээд, энэ асуудлыг ирэх тавдугаар сарын дундуур ҮЗХ-г дахин хуралдуулж, шийдвэрлэхээр болжээ. Мөн М.Зоригт, Д.Үүрийнтуяа, Н.Ганбаяр, А.Бакей, Ч.Дэмбэрэлсайхан, С.Сүхболд, Х.Оюунсувд, М.Батчимэг нарыг ҮЗХ-ны гишүүнээр шинээр сонгожээ. Энэ хуралдааны талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа.
-“Монгол хүн-2020” хөтөлбөрийн онцлог, агуулга нь юу вэ. АН ирэх сонгуульд ямар зорилт дэвшүүлж байна?
-Манай нам орон даяар өнгөрсөн жил явуулсан хэлэлцүүлгийн үр дүнгээр хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийг одоо эцсийн хэлэлц үүлэг хийгээд батална. Монгол Улсад улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт зайлшгүй болжээ, үүнийг монгол хүн ямар байр сууринаас хийх ёстойг хөтөлбөрт тодорхойлсон байгаа. Хөтөлбөрийнхөө талаар олон нийтэд ил тод мэдээлэх болно. Монгол хүн эх орондоо хүн шиг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь манай мөрийн хөтөлбөрийн онцлог.
-Нэр дэвшигчдийг хэзээ, ямар шалгуураар тодруулах вэ?
-Тавдугаар сарын 19-25-нд нэр дэвшигчдийг тодруулна. Энэ үед ҮЗХ дахин хуралдана. Үүний өмнө аймаг, дүүргийн намын хороод хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулна. Аймгийн намууд нэр дэвшүүлж, ҮЗХ нууцаар санал хурааж эрэмбэлэх юм.
-Дэд даргын тоог нэмнэ гэсэн яриа байна. Хэдэн дэд даргатай болох юм бэ?
-Одоохондоо энэ тухай яриагүй байна. Ер нь сонгуульд нэг багц болж орохын тулд удирдлагын хүрээг тэлэх шаардлага бий. Гэхдээ үүнийг дүрэмдээ өөрчлөлт оруулж байж шийднэ.
С.ТУУЛ