Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордод ашиглалтын хоёр лиценз эзэмшдэг “Талстмаргад” компанийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг АМГ-аас гаргалаа. Тус компанийнхан Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэрт ашиглалтын өмнөх хайгуул гэх нэрийдлээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, Тагш уулыг тэгшилж, Агуут, Хөндлөнгийн уулсыг хөндлөн нүхлэн, малчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байсан юм. Үүнтэй холбогдуулан АМГ-аас томилогдсон Ажлын хэсэг өнгөрсөн сард Хөвсгөл аймагт ажиллаж, ашиглалтын өмнөх үйл ажиллагаатай нь танилцаад дээрх шийдвэрийг гаргажээ. АМГ-ын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэнтэй холбогдоход, “Бүрэнхаан бол Монгол Улсын стратегийн орд. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлд заасны дагуу Засгийн газартай гэрээ байгуулж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосны дараа ашиглалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Тийм гэрээгүй тул үйл ажиллагааг нь түр зогсоосон” гэлээ.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ