Сонгууль дөхөхөөр түүнийг шударга явуулахад хувь нэмрээ оруулна, эрх баригчдын юм уу УИХ-д суудалтай байсан намуудын бузар булайг дэлгэж, олон түмнийхээ эрх ашгийг хамгаална гэх мэтээр бэлэн амласан ТББ, олон нийтийн байгууллага, эвсэл, хөдөлгөөн хааяагүй гарч ирдэг дээ. Бардам ам шалдан гуя байх эсэхийг нь одоо мэдэх, хэлэхэд эрт бас нэг эвсэл бий болсон нь “Үндсэн хүчин” гэх сүрхий нэртэй аж. Нэрийнхээ өмнө “улс орноо аврах” гэсэн тодотголтой гэж байгаа. Энэ эвсэл мэдэгдэл гаргаж буйгаа өчигдөр сэтгүүлчдэд дуулгав.
Улс оронд нүүрлээд буй сүйрэл, хямралаас эх орноо, ард түмнээ аваръя гэвэл улс төрийн бүх хүчин нэгэн ширээний ард сууж, “Үндэсний зөвшилцлийн зөвлөл” байгуулж, хамтран ажиллахаас өөр гарц байхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээрээ илэрхийлэхийг зорьсон аж. Зөвшилцлийн хүрээнд анхаарах дөрвөн зүйл байна гэнэ. Юуны урьд хүн амыг талцуулан хувааж байгаа намуудыг, намт төрийг татан буулгаснаар улс төрийн хүчнүүдэд барьцаалагдсан хүн ард эрх чөлөөтэй болж, шударга ёс, эв нэгдлийг эдлэх боломж ирнэ гэж мэдэгдэлд өгүүлжээ. Хямралаас гарах нэг гарц нь энэ аж.
Монголын ард түмний мэдэлд байх учиртай байгалийн баялгийг төр дэх улс төр-бизнесийн бүлэглэлүүд, гадаадын эдийн засгийн “алуурчидтай” хамтран цөлмөж байгааг зогсоохын тулд ашигт малтмалын салбарыг нийтийн өмчийн корпорацийн хэлбэрт оруулбал нийт иргэн баялгаасаа хүртэх төдийгүй Монгол Улс дэлхийн зах зээлтэй холбогдох болно гэж “Үндсэн хүчин” эвсэл үзэж байгаа юм байна. Түүнчлэн манай төр, засгийнхнаас ихэд холдоод байгаа хариуцлагын тогтолцоог эргүүлэн авчрахын тулд улс төрийн шинэ байгуулалтад орж, төрийг хүчтэй болгохыг тэд уриалж байна.
Эцэст нь намыг огт хэрэггүй гэж бодохгүй байгаа бололтой. Харин эрх мэдлийг ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулах, хууль хэрэгжүүлдэг, улс төрийн хариуцлага, хяналтыг анхаарлынхаа төвд байлгаж чадах нам л бидэнд дутагдаад байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ