Өчигдөр мөн ИЗНН-ын Бүгд хурал болж, сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх журам, аль нэг нам, хүчинтэй эвсэхгүй тухай тогтоолын төслийг баталлаа. ИЗНН-ын сонгуулийн хөтөлбөрийн гол агуулга нь ногоон эдийн засаг буюу байгальд ээлтэй эдийн засгийн хөгжлийн асуудал байх юм байна.
“Олборлох үйлдвэрлэлийн улмаас байгаль орчинд учирсан хохирол олон нийтийн сэтгэлийг түгшээсэн хурц асуудал болсон. Уул уурхайн үйлдвэрлэл цаашид ч эрчтэй өсөж, улс орны хөгжлийн чиг хандлагыг ойрын жилүүдэд тодорхойлогч хүчин зүйл байх нь ойлгомжтой.
Ийм үед “ногоон эдийн засаг”-ийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь Монголын нийгмийн өмнө тулгамдсан зорилт юм” гэж ИЗННын дарга С.Оюун хэлсэн бол “Ажлын байр олноор бий болгохын зэрэгцээ хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, маргаашийн амьдралдаа итгэлтэй монгол хүн, айл өрхийг нэмэгдүүлэх талаар хөтөлбөрт тодорхой зорилт тусгасан.
Хавтгайрсан халамжийн бодлого үндэстний чадавхийг бусниулж байна. Зөвхөн зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлогын төлөө ИЗНН ажиллана” гэж тус намын дэд дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт нэмж ярив.