Мэргэжлийн хөлбөмбөгчинд тохиолдож болох магадгүй хамгийн харгис хэрцгий хувь заяаны тохиол бол бөмбөгийг өөрийн багийнхаа хаалганд оруулах билээ. Ихэнхдээ хачирхалтай байдлаар ордог боловч хожмоо тун таагүй үр дагавар дагуулдаг эдгээр гоолууд нь хөлбөмбөгийн спортын салшгүй хэсэг бөгөөд энэ спортыг анх үүссэн цагаасаа хойш түүхийг нь чимж иржээ. Албан ёсны тоглолтод буруу хаалганд гоол оруулсан анхны тоглогч бол 1888 оны есдүгээр сарын 8-нд “Вулверхэмптон Уондерерс” багт тэргүүллийг бэлэглэсэн “Астон Вилла”-гийн хамгаалагч Гершом Кокс аж. Түүнээс хойш маш олон азгүй тоглогчид түүний замыг дагажээ. Тэдгээр тоглогчдийн тухай энэ удаа товч өгүүлэх болно.
Коксын гоол “Астон Вилла”-д нэгэн таагүй уламжлалын эхлэлийг тавьсан бололтой, учир нь Бирмингемийн багийн тоглогчид өөрийн хаалгандаа гоол оруулах хообийтой юм. Чухам энэ багаас нэг тоглолтод өөрийнхөө хаалганд хоёр авто гоол оруулсан анхны тоглогч “төрөн гарсан” нь Крис Николл бөгөөд энэхүү ховор амжилтаа 1976 оны гуравдугаар сарын 20-нд “Лестер”- ийн эсрэг тоглолтод үзүүлж түүхэнд нэрээ мөнхөлжээ. Үүнээс ч гайхалтай нь тэрбээр зөв хаалганд мөн хоёр гоол (нийт 4 гоол) оруулсанаар хоёр багийг 2:2-өөр тэнцэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ Ричард Данн харин нэг тоглолтод хэзээ ч хоёр гоол оруулж байгаагүй боловч өнгөрөгч оны аравдугаар сарын 23-нд өөрийн хаалгыг мялааж, багаа 1:0-ээр “Сандерлэнд”-эд ялагдуулсанаар авто гоолын дээд амжилт тогтоожээ. Данн нийт 8 авто гоол оруулаад байгаа нь Английн хөлбөмбөгийн дээд амжилт юм.
2002 онд “Бирмингем Сити” багийн эсрэг дерби тулаанд Петер Энкелман нэгэн харамсалтай гоолын эзэн болсон. Түүний гоол юугаараа онцгой вэ гэвэл “Вилла”- гийн хаалгач маань Олоф Меллбергийн талбайн хажуугаас шидэж өгсөн бөмбөгийг барьж авч чадалгүй хаалгандаа алдчихсанд оршино. Жагсаалтанд Р.Данны ард бичигддэг Ж.Каррагер нь хамгийн хачирхалтай авто гоолын эзэн юм. Нэг хотын баг “Эвертон”-ы эсрэг тоглолтод тэрбээр Тоффийсийн фэн байсан бага насандаа эргэн очиж, “Ливерпуль”-ийн хаалганд торгуулийн цохилтоор гоол оруулсан байна. Гэхдээ энэ нь Английн шигшээ багийн гишүүн асан тоглогчийн үдэлтийн тоглолт байсан гэдгийг эцэст өгүүлэх хэрэгтэй.
Харин Каррагерийн хоёр авто гоол оруулсан 1999 оны “Манчестер Юнайтед”-ийн эсрэг тоглолт хавьгүй илүү ач холбогдолтой байсан юм. Уг тулаанд “Ливерпуль” 3:2- оор хожигдсон. 90 минутанд хоёр ч удаа багтаа гай болсон тоглогчийн тоо Николл, Каррагер хоёроор дуусахгүй. 2005 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Айнтрахт Франкфурт” багийн эсрэг тулаанд “Майнц”- ын хамгаалагч Николце Новески, өнгөрсөн улиралд “Борусси Мюнхенгладбах” багийн эсрэг тоглолтод “Ханновер”-ийн гурван авто гоолын хоёрыг нь оруулсан Карим Хаггуй нар энэхүү жагсаалтанд нэмэгдэнэ. 2009-10 оны улирал “Эскисхирспор” багийн хагас хамгаалагч Эмре Тораманд тун эвгүй дурсамж үлдээсэн нь тодорхой. Учир нь түүний даблийн ачаар “Бурсапор” 2:1-ээр ялж лигийн аварга болох замаа засчээ.
Гүржийн багийн ахлагч Каха Калазе 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө Италийн багтай хийсэн тоглолтод мөн ийм амжилтын эзэн болсноор 9 жил тоглосон улсынхаа шигшээ багт ялалт (2:0) бэлэглэжээ. Даблаас гадна хет трик хийдэг тоглогч ч бий. 1995-96 оны улиралд “Герминал Экерен”-ий Стэн Ван Ден Буйсийн хэт-трикийн ачаар “Андерлэхт” багийг нь 3:2-оор хожжээ. Тооноос гадна чанар хөлбөмбөгт чухал. 1976 оны тавдугаар сарын 23-нд Хосе Марины оруулсан гоол тун онцгой. Багийн анддаа бөмбөгийг шидэж өгөх гэж байгаад хаалга руугаа шидчихсэн “Круз Азул” багийн хаалгачийн бүтэлгүйтэл нэг хэсэгтээ олны амны зугаа болж байлаа. Мөн иймэрхүү азгүйтлээрээ 2006 оны дөрөвдүгээр сарын 22-нд “Бури”, “Дарлингтон” багийн хоорондох тоглолтыг чимсэн тогцлогч бол Крис Брасс. Тэрбээр бөмбөгийг зайлуулах зорилгоор өшиглөсөн ч өнөөх нь нүүрэнд нь ойгоод хаалганд орчихжээ. Азгүй хамгаалагч маань багаа хорлоод зогссонгүй хамраа хугалсан аж.
Авто гоол оруулахыг урлагийн түвшинд аваачсан бас нэгэн тоглогч бол Хелмут Винкльхофер. Түүний энэ гоол бүр сарын шилдэг гоолоор шалгарсан гээд бодогтун. 1987 онд “Юрдинген” баг талбай дээрээ “Бавари Мюнхен”-ийг хүлээж авсан тоглолтод түүний алсын хүчтэй цохилт нь тун гоёмсог авто гоол болон түүхэнд үлджээ. 2001 онд “Ленс”-ийн Франк Куедруэгийн 35 метр орчмоос цохиж оруулсан гоол ч мөн үзүүштэй. 2008 онд Аргентиний “Расинг” болон “Ривер Плейт” багийн тоглолтын үеэр оруулсан Факундо Куирогагийн гоол ч дээрхээс дутахгүй, “Ривер”-ийн хамгаалагч маань хойшоогоо унаж татан өөрийн хаалгандаа гоол оруулсан. Түүнчлэн Бразилийн “Санто Андре”, “Португуеса” багийн тоглолтод Витор Хюго, 1998 оны дөрөвдүгээр сарын 25-нд Жэми Поллокийн мөргөж оруулсан чамин авто гоолуудыг ч олоод харахад илүүдэхгүй, үнэхээр гайхах вий, та. Гэхдээ хамгийн гачлантай нь “Манчестер Сити”-гийн хамгаалагчийн энэхүү гоолын балгаар баг нь 3-р дивизион руу унаж, харин өрсөлдөгч “Куйнс Парк Рейнжерс” нь доошоо унах аюулаас мултарчээ.
Поллокийнх шиг үйлдэл гаргаж багаа тун их хорлосон тоглогч цөөнгүй бий. “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Челси” багтай хийсэн тоглолтын сүүлчийн хоромд “Ливерпуль”-ийн хамгаалагч Йон Арне Рийсегийн гаргасан алдаа ч үүнд багтана. Мө Гари Нэвиллийн дамжуулсан бөмбөгийг барьж авч чадалгүй алдаж, Хорватын багт тус, Английн шигшээд ус хүргэсэн хаалгач Пол Робинсоныг мартаж болохгүй. Түүний энэ алдааны улмаас Гурван арслангууд Евро-2008-аас хасагдаж байлаа. Авто гоол нь хөлбөмбөгийн хамгийн том, нэр хүндтэй тэмцээнд ч өөрийн байр сууриа олсон бөгөөд 1938 онд Францад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Германы багтай хийсэн тоглолтод Швейцарын Эрнст Лотшчер тус тэмцээний түүхэн дэх анхны авто гоолын эзэн болжээ. Түүний хар үйл хэргийг хамгийн сүүлд залгамжилсан нэгэн бол 2010 оны World Cup-т Нидерландын багтай хийсэн тоглолтод багаа хөөдсөн Бразилын хамгаалагч Фелипе Мело (гэхдээ энэ гоол хожим У.Снайдерийнх гэж тооцогдсон билээ) юм. Түүнийг, ер нь бразилчуудыг гэртээ буцаж ирэхэд хөгжөөн дэмжигчид нь тун таагүй угтсан, гэхдээ энэ юу ч биш, 1994 онд АНУ-д болсон дэлхийн аваргын тэмцээнд талбайн эзэн багт тус болж, өөрийн хаалгандаа гоол оруулсан Колумбын Андрес Эскобарыг нутагтаа ирэхэд нь хөгжөөн дэмжигчид нь буудан алсан түүхтэй.
Н.ЭНХБАЯР