Намууд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх хугацаа өчигдөр дуусав. АН-ынхан ч хөтөлбөрөө хугацаанд нь багтаан хүргүүлсэн байна. Тэд мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд жил гаруйн турш орон даяар хэлэлцүүлэг хийж, иргэдээс тулгамдсан асуудал, шийдэх гарцыг нь асуусан юм. Мөн эдийн засгийн хувьсгалд уриалсан. Үүнийг шийдэх нэг гарц нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатарын санаачилсан газар өмчлөлтэй холбогдсон байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-АН мөрийн хөтөлбөртөө эдийн засгийн хувьсгалыг газраар дамжуулан хийх санааг оруулсан юм байна. Иргэн бүр нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй ч хуулийн хэрэгжилт дөнгөж 10 хувьтай байгаа. Газраар дамжуулж яаж хувьсгал хийх вэ?
-Хуулийн хэрэгжилт муу байгаагийн шалтгаан нь газар үнэгүй байгаатай холбоотой. Хотод газар өмчлөлийн эрхтэй хашаа байшинтай хүн банк, санхүүгийн байгууллагаас 20 сая төгрөгийн зээл авч чадах уу. Бүр хоёр сая төгрөгийн барьцаатайгаар ч эх үүсвэр олох найдваргүй байна шүү дээ. Тиймээс АН мөрийн хөтөлбөртөө газрыг үнэтэй болгох зорилт дэвшүүлсэн. Иргэн бүрийнхээ өмчлөх болон өмчилсөн газрыг үнэтэй болгож, суурь үнэлгээг тогтоож өгье. Олгосон газраа баталсан үнээрээ эргүүлэн худалдан авах баталгааг төр гаргая. Дахин үнэгүй олгохгүй гэдгийг хуульчлан баталгаажуулъя. Тэгвэл банк санхүүгийн байгууллагууд иргэдийн газрыг баталгаажуулан санхүүжилт хийх боломж бүрдэнэ.
Газар бол бонд, Төв банкны болон олон улсын биржийн үнэт цаас, гадаадын хөрөнгө оруулалттай эн зэрэгцэнэ гэсэн үг. Мөн олон улсын зах зээ лээс хөрөнгө татах шинэ боломж нээгдэнэ. Хамгийн гол нь Монгол хүнээ дэмжсэн зөв хөрөнгө оруулалт болох юм. Хувьдаа бодитой өмчтэй болсон Монгол Улсын иргэн түүнийгээ эргэлтэд оруулж чадна. Улмаар санхүүгийн эрх чөлөөтэй болсон хүн боловсрол, эрүүл мэнддээ жинхэнэ утгаар нь анхаарал тавьж, цаашлаад хувийн бизнес эрхлэх үүд хаалга нээгдэх юм.
Бодитой үнэлэгдсэн газраас иргэнд наалдах ашиг тус нь энэ. Улмаар нийслэлийг чиглэсэн их нүүдэл зогсох, газрын хууль бус наймаа, ав лигыг таслах боломж бүрдэнэ. Энэ бүхнийг АН мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан төрийн бодлого болгохыг зорьж байна.
С.УУЛ