-Хэн, аль тойрогт нэр дэвших вэ-
УИХ-ын 2012 оны сонгуульд улс төрийн таван нам, эвсэл өрсөлдөхөө мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар болон СЕХ-д өргөн барьсан. Харин аль намаас хэн, аль тойрогт нэр дэвшихийг улс төрийн намууд эхнээсээ хуваарилж эхэлсэн байна. Энэ удаад АН-аас нэр дэвшигчдийг аймаг, дүүргийн намын хороодоос хуваарилсныг урьдчилсан байдлаар хүргэе.
АН-ын фракцуудад ногдсон мандатыг тус бүрээр нь гаргавал, Н.Алтанхуягийн “Алтангадас”-т 19, Да.Ганболд Р.Амаржаргал тэргүүтэй “МҮДН”-ийнхэнд дөрөв, Лу.Болд, Б.Батбаярын “Зүүн хойд Ази”-ийнханд хоёр эрх тус тус хуваарилсан бол шинээр байгуулагдсан “Мөнхтэнгэр” фракц до лоон хүн нэр дэвшүүлэхээр то хирчээ. Мөн З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо зургаа, Х.Баттулгын МоАХ 10 мандатын эрх халаасалсан байна. Дээрх урьдчилсан нэр дэвшилтэд эмэгтэйчүүд бараг орсонгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Оюунгэрэлийн хувьд 50 сая төгрөгийн босгоо төлөөгүй учир намын дүрмийн дагуу нэр дэвших боломжгүй гэнэ.
Харин Ц.Элбэгдоржийн зүгээс санал болгож буй Ерөнхийлөгчийн зөвлөх М.Батчимэгийн хувьд Орхонд санаатай ч АН-д элсээд удаагүй, шинэ гишүүн тул намын анхан шатны байгууллага болон эмэгтэйчүүдийн зүгээс дэмжихгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Мөн МҮОНТВ-ийн гүйцэтгэх захирал Ц.Оюундарийг Говь-Алтайд сойх тухай яригдсан ч ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсанаас илүү гарах магадлал багатай хэмээн тооцож буй бололтой. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Ламбаа, З.Энхболд, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат нар намынхаа лист буюу 28-ын жагсаалтад багтах бололтой.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат- Үүл, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд нарыг НИТХ-ын сонгуульд өрсөлдөж, ялсан тохиолдолд НИТХ-ын дарга, Засаг даргын суудалд суулгана гэсэн тохироо АН-ынхан дунд яригдаж байна. Гэхдээ энэ бол эцсийнх биш. Аймаг, нийслэлийн АН-ын ҮЗХ-д энэ сарын 14-15-ны хооронд хуралдахаар төлөвлөжээ. Энэ хурлаас нэр дэвшигчдийг эцэслэн тодруулж, намынхаа төв аппаратад саналаа хүргүүлснээр энэ сарын 25-ны дотор АНын ҮЗХ-ны хурлаар эцэслэн шийдэх юм байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ