“Найм” гэдэг бэлгэдлийн хувьд бэргээд байх тоо биш юм гэнэ лээ. Худалдаа наймаанд их аз хийморь дууддаг гэлцдэг. Монголчуудын дээдэлдэг л тооны нэг. Манай төрийн үйл ажиллагаанд ч энэ тоо ихээхэн нөлөөтэй “оролцдог”. “Дураа хүрвэл” хэдэн сар, жилээр ч хамаагүй, тодорхойгүй хугацаагаар энэ наймын тоо УИХ-ын үйл ажиллагааг гацаадаг болчихоод байгаа.
Сүүлийн үед “хугацаагүй завсарлага” гээчээс болж сөрөг хүчин нь эрх баригчдад дарамт шахалт үзүүлээд байх болсон. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин нь эрх баригч болчих гээд байна. Ялангуяа АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш “хугацаагүй завсарлагыг” өөрийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгох болсныг хүмүүс хэлэх болов. Энэ талаар юм ярьж байгаа хүмүүсийн олонх нь АН-ыг дарамт шахалт үзүүлж байна гэж шүүмжилдэг. Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудал наймаас доошгүй суудалтай сөрөг хүчинд таалагдахгүй байх, эс бөгөөс тухайн сэдэв нийгмийн олонход сайшаагдаж мэдэхээр бол нийтийн эрх ашиг сөрөг хүчинд чухал биш болно.
Засгийн эрх барьж байгаа намыг муу муухай харагдуулахын тулд төрийн тогтворгүй байдал бий болгох, улмаар төрийн үйл ажиллагааг тасалдуулах нь зөвхөн сөрөг хүчний улс төрийн зорилгод нийцэж байгаа юм. Тэгэхлээр хугацаагүй завсарлага гэдэг “хэрэгсэл” сөрөг хүчний болоод эрх баригч аль ч нам, төрийн хийгээд нийтийн эрх ашигт харш зүйл болж таарна. Парламентат ёсоор бол олонхоороо асуудлаа шийдээд, дараа дараагийн сонгуулиар хариуцлагаа тооцуулаад л явдаг. Завсарлагыг ор тас байхгүй болгочихож бас болдоггүй. Цөөнхийг сонсохгүй, олонх нь түрэм гийлээд байж таарахгүй. Тэгвэл ардчилалд харш. Ингэвэл Парламентын дарангуйлал гэгч нь болно биз. Завсарлага тодорхой хугацаанд үргэлжилдэг. Тэр хооронд эрх баригч нь сөрөг хүчинтэйгээ зөвшилцөлд хүрэхийг хичээх ёстой. Эс тохиролцвол олонхоороо асуудлаа шийддэг зарчим бийг дахин дахин сануулахад илүүдэхгүй болов уу.
Сөрөг хүчин нь эрх баригч хүчнээ харлуулахын тулд төр, түмнийг давхар хохироодог. Тийм дарамт шахалтыг тэвчихээ болихоороо эрх баригч нь сөрөг хүчиндээ хатуурхаж, тэр нь даамжирсаар эцсийн мөчид сөргөлдөөнөөс мөргөлд өөн рүү шилждэг жишээ хааяагүй бай на. Энэ дундаас сиймхий хайдаг хэ сэг ч бий. Том эрх мэдлээс унасан хүмүүс төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг уриалж байгаа нь үүнийг харуулж буй. Таван хувийн босго давсан жижиг намууд сонгуулийн шинэ хуулиар УИХ-д хэд хэдээрээ орж ирнэ. Одоогийн хуулийн нөхцөлөөр УИХ дотор хэд хэдэн бүлэг байх боломжтой гэсэн үг. Ийм шалтгаанаар бүлэг байгуулах гишүүдийн тооны доод хязгаарыг нэмье гэсэн санал энэ УИХ-ын эхээр яригдаж байжээ. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж болохоор санагдана. Энэ талаар өргөн барьсан хуулийн тө сөл одоогоор байхгүй юм билээ.
2008- 2012 оны УИХ эхэн үедээ хугацаагүй завсарлагад дарлуулж байсан өдөр хоногууд бас бий. Тухайн үед Н.Батбаяр, С.Бямбацогт, З.Энхболд нарын гишүүд бүлэг байгуулах тоог нэмэгдүүлэх, завсар лагыг хугацаатай болгох талаар албан бусаар санал солилцож байсан юм билээ. Хамтарсан Засгийн газар байгуулснаар энэ чимээ намдаж. Сүүлийн үед УИХ-д болоод улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал, УИХ-ын сонгуулийн хуулиар намуу дад тогтоосон босго хувь мартагдсан санааг ажил болгох сэдэл болоод байна. Бидэнд олдсон мэдээллээр шинэ УИХ-д намын бүлэг байгуулах босгыг 15-аас доошгүй гишүүнтэй байхаар энэ хаврын чуулганы төгсгөлөөр хуульчилж магадгүй аж.
Сэтгүүлчдийнхээ дунд “Го” гэж нэршсэн Гомбосүрэнгийн Энхтөр маань цаг бусаар өөд боллоо. “Го” гэдэг нь овгийнх нь эхний хоёр үсэг л дээ. “Өнөөдөр” сониныг үүсэн бий болоод зургаан жилийн нүүр үзэж байхад бидний эгнээнд орж ирсэн тэрбээр сайн ажиллаж, сайн бичиж, шаргуу хөдөлмөрлөж байлаа. Улс төрийн яггүй мэдрэмжтэй, мэдлэгтэй түүний олон өгүүлэл, ярилцлага манай сонины хуудсаар та бүхний хүртээл болж байсан. Энэ удаа толилуулж буй бэсрэг нийтлэл харин эцсийнх нь болж буйд бид ихэд харамсаж байна.
Го.ЭНХТӨР