Сонгуулийн чимээ ойртох хэрээр улс төрийн намуудын дотоодод хөдөлгөөн бужигнаан бий болж байна. Гуравдагч хүчнүүд хоорондоо эвсэж, нэгдэж буй бол хувь улстөрчид ч улс төрийн сонголтоо хийж, зарим нь “ах” намуудын хаяа бараадах болов. Эсрэгээр зарим нь нэг цагт том явсан хүний шинээр байгуулсан “жижиг” нам руу ч хошуурах боллоо. МАН-аас Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарч МАХН-д орсон бол Ц.Даваасүрэн, О.Чулуунбат нар УИХ дахь МАН-ын бүлгээсээ татгалзсан. Улмаар энэ намд байсан МАН ба МАХН гэсэн талцал сэдэрч ахуйд өрсөлдөгч АН нь харин ч нягтрах болов. Сурагч, оюутнууд төгсөх цаг нь ойртохоор маргаж, муудаж явснаа ардаа орхиж, хоорондоо эв найртай болдог шиг л дүрх төрх АН-аас харагдаж буй юм. Ц.Элбэгдорж тус намын дарга байхдаа “Манай хаалга, цонх нээлттэй” гэж ярьж байв. АН доторх зөрчил, тэмцэл, эвлэрэл олон нийтийн нүдэнд ил байдгийг тэр ингэж тодорхойлсон хэрэг.
Өнгөрсөн сонгуулийн дараа АН хамтарсан Засгийн газарт орох шийдвэр гаргаснаараа магадгүй нэг удаа хожсон, бас алдсан. Хэдийгээр ҮЗХ-ны гишүүдийн олонхийн саналаар энэ шийдвэрийг гаргасан ч тус намынхан дотроо талцах үүслийг тавьсан юм. Хамтарсан Засгийн газарт орсноор МАН-ын далбаан дор АН орлоо, сөрөг хүчин устлаа, унтаа байна, намаа булшиллаа гэх мэт шүүмжлэлийг ялангуяа залуусынх нь зүгээс хүчтэй өрнүүлж байв. АН-ыг шинэчлэх хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, удирдлагатайгаа үе үе хэлэлцээрийн ширээний ард сууж байсан. МоАХ, Ардчилсан хүчний холбоо нэг үе хүчээ авч, “Алтангадас”- ын эрх мэдэл сулрах, улмаар Н.Алтанхуягийг огцруулах санаархал ч ил гарсан. Энэ мэтээр зөрчилдөж явсан үе тус намд байна аа. Харин хамтарсан Засгийн газраас АН гарснаар дотоод зөрчил нь мэдэгдэхүйц намжсан юм. Сөрөг хүчний байр сууринаас дахин асуудалд хандах болж, унтаж байснаа сэрсэн нь шүүмжлэгчдийн санааг амраасан нь нийгэмд илт мэдрэгдсэн.
Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн нөхцөлд тус нам том эрх ашгийн дор нэгдэж чаджээ. Сонгуулийн өмнө эв эвдрэлцвэл хэн хэнд нь ашиггүйг 20 гаруй жилийн туршлагатай болсон уг намынхан ойлгосон нь мэдээж. Сүүлийн өдрүүдэд болж буй үйл явц АН-ынхан эв эеэ хичээж, жижиг эрх ашгаа хойш тавьсныг харуулах болов. Сөрөг хүчний дүрд тоглох, дараагийн сонгуулиар ялж, олонх болох нь тус намыг бүрдүүлдэг олон фракцын хувьд гол, том эрх ашиг. Энэ удаагийн сонгуулийг холимог системээр хийнэ. 48 хүнийг тойргийн, 28 хүнийг намын нэрээр авсан саналаар шууд хуваарилна. Мандатын тоо эрс багасаж, туршлагатай улстөрчид ч тойроггүй үлдэхэд хүрээд буй нөхцөлд намууд дотор ширүүхэн тэмцэл өрнөж буй. Тэгвэл АНынхан энэ асуудлаа шийдчихжээ. Тэд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй зарчим баримталж, фракц бүрт мандат хуваарилсан байна. Бүгд хазах “бялуу”-тай болсон байхад хэн гомдол гаргах вэ дээ.
48 мандатын 19-ийг АН-ын удирдлагынхан багтдаг “Алтангадас”, 10-ыг Х.Баттулгын МоАХ авахаар тохиролцжээ. Толхилцдог хэдий ч тохиролцож чаддаг нь энэ намын бас нэг давуу тал. Б.Батбаатарын тэргүүлдэг “Мөнх тэнгэр”-т ес, З.Энхболдын “Шонхор”-т зургаа, Р.Амаржаргалын МҮДН үлдсэн дөрвөн мандатад фракцаасаа нэр дэвшүүлэх “виз”-тэй болсон гэнэ. Сонгуулийн тухай шинэчлэн найруулсан хуулиар аливаа намаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх учиртай. Тиймээс ирэх сонгуульд АН-аас нэр дэвших бүсгүйчүүдийн нэрс ч бас тодорсон байна. Тус намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл уул уурхайн лицензгүй, энэ салбарт ашиг сонирхлын зөрчилгүй бүсгүйчүүдээ сонгуульд сойхоо мэдэгдсэн. Тэгэхээр тус намаас өрсөлдөхөөр нэр нь тодорсон бүсгүйчүүдийг ийм ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзэж болох байх. Юутай ч Төв аймагт Ш.Батцэцэг, Сүхбаатар аймагт Л.Эрдэнэчимэг, Дорнод аймагт Л.Мөнхцэцэг, Орхон аймагт М.Батчимэг, Дундговь аймагт Б.Ургамалцэцэг, Завхан аймагт З.Нарантуяа, Баян-Өлгий аймагт Ч.Куланда, нийслэлийн Баянгол дүүрэгт С.Одонтуяа, Баянзүрх дүүрэгт И.Нарантуяа нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна.
АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл өмнөх сонгуулиар Хөвсгөлд хүч үзэж байсан. Энэ удаа тэндхийн дөрвөн мандат хоёр болж буурсан тул хуучин тойрогтоо өрсөлдөх боломжгүй болсон аж. Гэхдээ түүнийг нийслэлийн аль нэг дүүрэгт “шингээх” бололтой. Намын жагсаалтаар орж ирэх 28 хүн дотор ч эмэгтэйчүүдийн эрх ашгийг бодолцох нь эв нэгдлийг хангах нэг үндэс болно. Тиймээс жагсаалтад УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунцэцэг, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа, МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй нарын нэр багтаж байна. Бүсгүйчүүдийн нэрийг жагсаалтын аль хавиар бичих нь одоохондоо тодорхойгүй. Юутай ч сөөлжүүлэхгүй бол энэ бүхэн бэлгэдлийн чанартай болохыг бүсгүйчүүд намынхаа удирдлагуудад сануулжээ.
АН ийнхүү ирэх сонгуулийн тойрог, мандат, намын жагсаалтад багтах “виз”-ийг хуваарилсан байна. 2012 оны сонгуульд заавал ялна, жинхэнэ ардчилсан Засгийг байгуулна гэдэгтээ энэ намынхан итгэлтэй байгаа юм билээ. Үүний гол түлхүүр нь дотоод эв нэгдэл аж. Эвтэй байхдаа хүчтэй байх зарчим амжилтад хүргэх эсэх нь хоёр сарын дараа тодорхой болно.
С.ТУУЛ