УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаас иргэний үнэмлэхгүй байгаа хүмүүсийн асуудлыг сарын хугацаанд
багтаан шийдэхийг Засгийн газар, УБЕГ-т үүрэг болгожээ. Цахим үнэмлэх олгох сургаар одоогийн иргэний үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосон юм. Улмаар иргэний үнэмлэхээ гээсэн, шинээр авах гэж буй гэх мэт 64 мянган иргэн лавлагаа хэмээх цаастай сууж байгаа. Эдгээр хүнд одоо хүчин төгөлдөр байгаа иргэний үнэмлэх олгохыг МАН үүрэг болгожээ. Үүнээс гадна тэд Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн байна.
Шүүх засаглалын, Иргэний төлөөллийн эрх зүйн байдлын, Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчөөс санал болгон бүрдүүлэх нь зүйд нийцнэ хэмээн МАН-ын гишүүд санал хэлсэн аж. Мөн иргэний төлөөллийг шүүх хуралд оролцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар нэлээд санал гарчээ. Түүнчлэн Ш.Сайхансамбуу нарын өргөн барьсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг энэ УИХ-аар шийдэх нь зөв гэж үзсэнээ МАН-ын бүлгийн дэд дарга Су.Батболд онцлов.
Тэрбээр “Олон нийтийн хүлээж буй чухал хууль учраас хэлэлцэх эсэхийг нь энэ чуулганаар шийдэх хэрэгтэй гэж үзлээ. Харин дараагийн УИХ батлах байх” гэлээ.
С.ТУУЛ