УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Төсвийн хүрээний мэдэгдэлд улс төрийн намуудын амлалт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Эрх баригч МАН төрийн албан хаагчдын цалинг 1.3 сая төгрөг болгохоор амласан.
Цалингийн зардал төсвийн нийт зарлагын 11 хувийг эзэлж байсан бол дээрх амлалтыг хэрэгжүүлснээр 70 хувьд хүрнэ. Үлдсэн мөнгөний хэдийг нь хөрөнгө оруулалт, бусад асуудалд зарцуулах юм бэ. Энэ улс орон төсвийн зардлынхаа 70 хувийг цалинд зориулчихвал яаж амьдрах юм. Тиймээс МАН утга учиргүй амлалтаа өөрчилнө гэж найдаж байна. Хуулийн дагуу төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй.
Бид энэ асуудлаар чуулган дээр улс төрийн байр сууриа илэрхийлнэ” гэлээ. Мөн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүй нь УИХ-д данстай байж болохыг төсөлд тусгасан аж.
Түүнчлэн АН-ынхан иргэний үнэмлэхгүй иргэдийн асуудлыг шийдэхээр байгуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгогчдын бүртгэлийн дэд хорооны дарга З.Энхболдыг оруулахаар шийдвэрлэжээ